Цэс

Холбоо барих

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан болов

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаан (2017.02.08) 12 цаг 28 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр дүнгийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг тус тус сонсов.


Уг хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг удирдан явуулсан бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03-03 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан, нийслэлийн Засаг дарга, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нарыг оролцуулан байгуулсан байжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэд Ажлын хэсгийг байгуулан, нийт 37 арга хэмжээг төлөвлөсөн хэрэгжүүлж байгаа юм байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, яамдаас санал авч байна. Мөн 2017 оны хоёрдугаар сарын 20-ны дотор “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгааг салбарын сайд дурдав.


Түүнчлэн “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгааг хянах, амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн айл өрхийн судалгааг нягталж гаргах юм. Энэ ажилд 22,3 сая төгрөгийг зарцуулахаар тооцоо гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ.

Иргэд олон нийтэд агаарын бохирдлын талаар үнэн бодит мэдээллийг түгээх, зохион байгуулж буй арга хэмжээнд татан оролцуулах зорилгоор олны танил хүмүүсээр дамжуулан уриалга гаргаж, “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн хүрээнд 10 элчийг сонгож, эхний ухуулга сурталчилгааны ажил эхэлжээ. Мөн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Холбогдох байгууллагуудтай хамтран “Ногоон зээлийн сан” байгуулах, дулаан алдагдал бууруулах байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулга хийсэн юм. 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 132 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд үр дүн хангалттай сайн хэмжээнд хүрч чадаагүй байна. Тухайлбал, 176 мянган сайжруулсан зуух, нүүрсийг нийт гэр хорооллын өрхийн 90 орчим хувьд нь тараасан бөгөөд Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар дээрх өрхийн 20-30 хувь нь л ашигладаг гэсэн дүн гарчээ. 2016 оны эцсийн дүнгээр Улаанбаатар хотод 30 орчим иргэн нүүж ирсэн байна. Үүнээс өрхийн тоо 20 орчим мянгаар нэмэгджээ. Нийслэлийн зүгээс өрхийн эдийн засгийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдэх, хашаандаа дэд бүтцэд холбогдсон сууцтай болох технологийн шийдлийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарч байгааг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан хэлсэн.


Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээлэл хийсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын айл өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифыг 2017 оны гуравдугаар сарыг дуустал 100 хувиар хөнгөлсөн бөгөөд энэхүү шийдвэр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих юм. Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй нийт 228 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох тооцоог хийсэн байна. Ингэснээр жилдээ 122 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах ажээ.

Улаанбаатар хотод 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчинд холбогдсон, гэрээ байгуулсан нийт 147353 гэр хорооллын хэрэглэгч байна. Гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110895 хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 108378 хэрэглэгчийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, 38975 хэрэглэгчийг 50 хувь хөнгөлж байгаа бөгөөд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй 27461 хэрэглэгч байгаа юм байна.

Энэ ажлыг үргэлжлүүлэхэд 2017 онд 39,65 тэрбум төгрөг, 2018-2020 онд 217,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Уг хөрөнгөөр цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийх талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Саранчимэг, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлэв.


Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат уг асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцлоод хотын А, Б бүсэд татвар, хөнгөлөлт, дахин төлөвлөлтийн асуудлыг шийдэж, иргэдийн санаачилга, хариуцлагыг сайжруулах, шат шатны байгууллагаас зоримог шийдвэрүүдийг гаргаж, нүүлгэн шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах нь зүйтэй хэмээсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат агаарын бохирдлын асуудалд зөвхөн утаа нөлөөлөхгүй, хөрс, усны бохирдлыг хамтад нь ярьж, шийдэх учиртайг сануулж, нүхэн жорлонгийн бохирыг био хий болгон ашиглах технологийг судалж, нэвтрүүлэх талаар санал хэлэв.


Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төлөвлөсөн ажлуудыг хамгийн чухлаас нь эрэмбэлж, шийдвэртэй ажиллахыг сануулаад төрийн бодлогын залгамж чанар алдагдах нь иргэдийн амьдралд олон сөрөг нөлөөг үзүүлдэг учир хэрэгжүүлж бодлогоо аль ч нам эрх баригч болсон үргэлжилдэг тогтолцоог бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хурдан хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэх, ингэхдээ асуудлыг өргөн хүрээнд иж бүрэн шийдвэрлэх арга замуудыг тусгах шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн хандлага ямар байгаа, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, түүнийг даван туулах төлөвлөгөөний талаар асууж тодруулан санал хэлсэн.

Ингээд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсний дараагаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх дэд хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувийн саналаар батлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл