Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.02.08/  хуралдаан 14 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв.  Байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр товлож, хуралдааны эхэнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны 2016 оны үйл ажиллагааны тайланг хаалттай горимд сонссон юм.

Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжив

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэв. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм. Тэрээр, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж 50 сая (тавин сая) хүртэлх еврогийн экспортын зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд зээлийн хүү /жилийн/ 0,15%, зээлийн хугацаа 28 жил ба үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна. Түүнчлэн энэхүү зээлийг Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100% санхүүжүүлэхэд ашиглана гэж тусгагдсан болохыг салбарын сайд танилцуулсан юм.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа саналаа илэрхийлсэн юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тус зээлийг авахыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу зээлийг олон салбарт бус цөөн тооны чанартай салбарт хөрөнгө оруулахыг санал хэлж байлаа. УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Цогзолмаа нар Монгол Улс гадаад улс орнуудаас зээл авч, төсөл хэрэгжүүлэхдээ ЖДҮ-ийн бодлогыг дэмжих зарчим баримтлах нь зүйтэй хэмээлээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжлээ.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл  /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэв.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг хамтран боловсруулсан. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт тусгагдсан гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр уг зээлийн зарцуулалтын тооцоо болон бэлтгэл ажил муу хангагдсаныг шүүмжилж, төслийн үр өгөөжийг сайжруулах хүрээнд “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл дэмжигдэв

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ хэлэлцлээ.

Танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан. Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байна. Зээлийн хэмжээ 9.06  сая ам.доллар, зээлийн хүүгийн хэмжээ 1.25%, эргэн төлөх хугацаа 25 жил байх ба үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил. Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад оршино гэлээ.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа гишүүд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Ингээд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл