Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 06 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 06 дахь дугаарт Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн  хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад энэхүү хуулийн зорилт оршиж байгаа юм.

Монгол Улсын хил, түүний аюулгүй байдал, улсын хилийг тодорхойлох, тогтоох, улсын хилийг тэмдэглэх, хамтран шалгах, улсын хилийн дэглэм, хилийн боомт, улсын хил хамгаалалт, хил хамгаалах байгууллагын бүрэн эрхийн талаар хуульд хэрхэн заасныг “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлээс уншиж танилцах боломжтой.

Түүнчлэн дээрх хуулийн хамт батлагдсан 12 хуулийг эмхэтгэлд нийтэлсэн байна.

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

Дээрх тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоожээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрсөн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл