Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2017.02.10/ хуралдан, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Өрийн удирдлагын тухай хуулийн 16.2 дахь хэсэг, 9.1.8 дахь заалтад заасны дагуу Засгийн газар өр үүсгэх аливаа шийдвэрийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан шаардлага. шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж. санал, дүгнэлт гаргана гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах 79.0 сая ам.долларын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөлд санал, дүгнэлтийг гаргасан байна.
Дээрх “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд 42 сая ам.долларын гурван багц төсөл хэрэгжих бөгөөд “Түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл”-ийг Багануур-Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компаниуд хэрэгжүүлэх юм байна. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээнд өнөөгийн байдлаар Орхон-Архангай-Өвөрхангай-Булган аймгууд хамаарч, төслийн хүрээнд 17 сая ам.доллар зарцуулах юм байна. Багануур-Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээнд Багануур-Хэнтий-Дорноговь-Говьсүмбэр-Дундговь аймгууд хамаардаг ба 13 сая ам.доллар зарцуулах аж. Төслийн хүрээнд эдгээр аймаг дахь түгээх сүлжээний хуучирсан дэд станц, шугам сүлжээ, тулгуур, кабелийг шинэчлэх талаар Эрчим хүчний яамны танилцуулгад дурдав. 2015 оны байдлаар Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээний нийт хэмжээгээр /“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг оролцуулахгүйгээр/ 14.22 хувийн эрчим хүчний алдагдалтай байдаг ба төсөл хэрэгжсний дүнд 2019 онд 8.39 хувьд хүргэж бууруулан жилд 1 сая ам.доллар хэмнэнэ гэж тооцоолжээ. Багануур-Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээний 9.48 хувийн алдагдлыг 6.08 хувь болгон бууруулан, жилд 862000 ам.долларын хэмнэлт хийх боломжтой ажээ. Энэ бүх тооцооллоос харахад төсөл хэрэгжүүлэгч компаниуд зээлээ 15-16 жилийн хугацаанд нөхөх тооцооллыг салбарын яамнаас хийсэн байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих дараагийн төсөл бол баруун бүсэд 10 МгБ-ын төсөл юм байна. Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг танилцуулахдаа, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 82-83 хувь нь импортоос хамааралтай байдаг. Үүнийг Дэлхийн уур амьсгалын хөрөнгө оруулалтын санд санал тавьж, бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрт хамруулжээ. Үүний үр дүнд тус бүс нутгийн эрчим хүчний хамаарал буурч, тогтвортой хөгжих боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан, Д.Цогтбаатар, Н.Оюундарь, Г.Занданшатар нар Ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. Дараа нь эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гурван багц төслийн санхүүжилтийн 42 сая ам.долларыг дэмжих томъёоллоор санал хураал явуулахад хуралдаан оролцсон гишүүд 83 хувийн саналаар дэмжив.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах 79.0 сая ам.долларын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэх 25 сая ам.долларын төслийн талаар салбарын сайд Н.Номтойбаяр танилцууллаа. Хөдөлмөр, халамж, даатгал, мэргэжлийн боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн уялдаа холбоог хангаж ажиллах зорилгоор 2016 онд Засгийн газрын бүтэцэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан гэдгийг тэрээр онцлов. Халамжийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялуулах бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тодорхой ажлуудыг хийж байгаа аж. 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улс орон даяар нийт 600 мянга гаруй өрхийг хамруулан “Орлогыг орлуулан тооцох аргачлал буюу амьжиргааны түвшин тогтоох” судалгаа явуулан, бодит нөхцлийг тогтоох аж. Тус яамнаас халамжийн чиглэлээр 69 үйлчилгээнд, хүүхдийн мөнгийг оролцуулаад улсын төсвөөс жилд 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийдэг байна. Харин халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлогыг хэрэгжүүлж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хэтийн төлөвийг 1990 оноос хойш Монгол Улс гаргаж, тооцоолоогүй гэдгийг Н.Номтойбаяр сайд хэлж байв. Тус яам хэд хэдэн бодлогын шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийг бусад хөтөлбөрүүдтэй уялдуулах шаардлага бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олон төрлийн санхүүжилтээр хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг боловч тэдгээр нь хоорондоо уялдаа хамааралгүй, зээлийн бүтэц хэт үрэлгэн, захиргааны зардал өндөр, эргэн төлөгдөх нөхцөлгүй, эргээд хяналт тавих, хариуцлагын тогтолцоо байдаггүй байна. Н.Номтойбаяр сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Үүний дараа санал хураалт явуулахад Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах 79.0 сая ам.долларын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” доторх 25 сая ам.долларын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхийг гишүүд 83.3 хувийн саналаар дэмжив.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэх 12 сая ам.долларын дөрвөн жилийн хугацаатай зээлээр санхүүжих төслийн талаар хэлэлцлээ. Тус төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурах зөвшөөрөх томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 66.7 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.