Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ.


Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг  хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.


Хуулийн төслийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны  эрүүгийн процессын хуулийг судалж дэвшилтэт зохицуулалтыг  харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийн заалт, НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжүүдэд  нийцүүлэх чиглэлээр боловсруулсан юм байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. 


Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна Гаалийн тухай, Татварын Ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байгаа юм байна.


Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.


Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл