Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана


УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр /2017.02.13/ Улаанбаатар хотоос мордлоо.

Гурван өдөр үргэлжлэх томилолтынхоо эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Завхан аймагт ажиллах бөгөөд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, хөдөлмөрчдөд танилцуулж, уулзалт хийнэ. Үргэлжлүүлэн тэрээр Увс аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Дараа нь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэх аж. Монгол Улсын Их Хурлын даргын томилолт Ховд аймагт үргэлжилж, аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбайд хүндэтгэл үзүүлэн угтсаны дараа аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм байна.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Баян-Өлгий аймгийн Толбо суманд хүрэлцэн очиж, малчид хөдөлмөрчидтэй уулзана. Үүний дараа аймгийн төв Өлгий суманд ажиллан, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт баян-өлгийчүүдтэй уулзаж, 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулан, иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлнэ.  

Монгол Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд болон албаны бусад хүмүүс ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл