Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 42 дахь дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийн тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангахад “Хүнсний ногоо” хөтөлбөрийн зорилго оршиж буй бөгөөд хамгаалагдсан хөрсний тариаланг дэмжиж, таримлын нэр төрлийг олшруулж, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэн өвөл, хаврын улиралд хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, усалгаатай тариалангийн хэмжээ, агуулах, зоорийн багтаамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах, шууд худалдааны сүлжээ, төрөлжсөн захыг дэмжин хөгжүүлэхийг зорьжээ.

Мөн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжиж, ирээдүйтэй болон нутагшсан сортыг туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн үрийн чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхыг сайжруулахаар тусгасан байна. “Хүнсний ногоо”  хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлэх юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл