Баруун аймгуудад ажиллаж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ.
УИХ-ын даргыг Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан
нар угтан авч, аймаг орныхоо ажил байдалтай танилцууллаа.
Увс аймаг 69.6 мянган ам км газар нутагтай, 19 сумтай, 81.3 мянган хүн ам, 21.5 мянган өрхтэй, аймгийн үйлдвэрлэлийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд хөнгөн, хүнс, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл хөгжүүлж байна. Аймгийн ДНБ-ий нийт хэмжээ 333 тэрбум төгрөг, нэг хүнд ДНБ нь 4.3 сая төгрөг ажээ.
Энэ жилийн хувьд Сагил, Давст, Баруунтуруун, Малчин, Хяргас сумдад өвөлжилт нэлээд хүндэрсэн, цасны зузаан 40-60 см байгаа бөгөөд намрын бороо цастай залгасан тул “мөсөн зуд” болж, үхэр болон бог малын шилбэ халцарч, бэлчээртээ гарч чадахгүйд хүрээд байгаа юм байна. Ууландаа цас их унасан тул зэрлэг ан амьтад нам дор газар луу бууж, айлын хотонд орж ирэх, улмаар хорогдох, мялзан өвчний шинж тэмдэг илрэх байдал нэлээд гарч байгаа талаар Засаг дарга Д.Батсайхан танилцууллаа.
УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр аймгийн Дулааны цахилгаан станц, Нэгдсэн эмнэлгийн Цус сэлбэх төв, Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өвөлдөө -55 градус хүрч хүйтэрдэг Улаангомд энэ өвөл дээд тал нь -42 градус хүрсэн тул дулаахан сайхан өвөл боллоо гэж нутгийнхан үзэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 2013 онд ашиглалтад орсон Улаангомын Дулааны цахилгаан станц хэрэглэгчдээ дулаан, цахилгаанаар найдвартай хангаж, хэвийн ажиллаж байгаа талаар станцын дарга Ю.Сайнжаргал танилцууллаа. Улаангом суманд томоохон хот суурингуудын адил утааны асуудал үүсэж байгаа тул салхин талын гэрийн хорооллоо өргөтгөхгүй байх, гэрийн хороолол руу дулааны шугам сүлжээ татах зорилго тавьж, ажлаа эхэлжээ.
УИХ-ын дарга М.Энхболд утаа бага байгаа үед энэ гамшгаас сэргийлэх бодлого зорилтоо эртнээс дэвшүүлж, оновчтой шийдвэр гаргах нь чухлыг тэмдэглээд иргэдээ орон сууцжуулах, гэрийн хорооллыг дулааны шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлээд байгаа ДЦС-ынханд талархал илэрхийлэв.
УИХ-ын дарга М.Энхболд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочлох үеэрээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд засвар шинэчлэлтийн ажил хийсэн Цусны төвийн нээлтэд оролцов. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр энэ төв ашиглалтад орсноор алс баруун хязгаарын Увс аймгийн иргэд чанар, аюулгүй байдлын бүрэн баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнээр хангагдах боломж бүрдэж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжтэй болж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Цусны төвийн барилгыг шинэчилж, 361 сая төгрөгийн шинэ төхөөрөмжтэй болсноор увсчууд аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, эрүүл саруул амьдрах, иргэдийн наслалт уртсах сайхан боломж бүрдэж буйд баяртай байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд хэлээд шинэ тоног төхөөрөмжөө сайн эзэмшиж, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгтээ амжилт гаргахыг төвийн ажилтнуудад захилаа.
Цусны төв шинэчлэгдсэнээр цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, өмнө нь ахуйн хэрэглээний хөргөгчинд 3-6 сар хадгалаад устгадаг байсан бол шинэ төхөөрөмжтэй болсноор 2-5 жил хадгалах, сорьц болон бүтээгдэхүүнийг сум хооронд ч найдвартай тээвэрлэх боломжтой болж байгаа юм байна.
Увс аймагт 0-5 насны хүүхдийн эндэгдэл улсын дунджаас их, 2016 онд л гэхэд 55 хүүхэд эндсэн нь Увс аймгийнхны хамгийн бэрхшээлт асуудал болоод байгаа аж. Нийт хүн амын 41 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг тус аймгийн Хүүхдийн тасаг 1971 онд ашиглалтад орсон хуучин барилгын цөөн өрөөнд үйл ажиллагаа явуулдаг, ердөө 44 ортой бөгөөд их ачаалалтай үед 80 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Тиймээс аймагт Хүүхдийн шинэ эмнэлэг бариулах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж өгөхийг УИХ-ын даргаас аймгийн удирдлага, эмнэлгийн ажилтнууд хүслээ.
Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийв. Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Хүнс, хөдөө аж ахуй, Зам, тээврийн дэд сайд Л.Бямбасүрэн, Ё.Отгонбаяр, Ж.Сауле, Б.Цогтгэрэл нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Увс нутгийн унаган хүү, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг УИХ-аас гаргаж, өнгөрсөн онд орон даяар тэмдэглэсэн, энэ түүхэн ойн арга хэмжээнд Увс аймгийнхан идэвхтэй оролцсонд талархал илэрхийлэв. Тэрбээр Монголын төрийг 44 жил удирдсан төрийн зүтгэлтнээ монголчууд умартах, түүхэн замнал, хийсэн бүтээснийг нь баллуурдах, бүдэгрүүлэх явдал огт байж болохгүй бөгөөд түүний түүхэн гавьяа, зүтгэлийг шинжлэн судлах, зөвөөр үнэлэх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэснийг иргэд талархан хүлээж авлаа.
УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ уруудсан эдийн засгаа сэргээх, цаашдын өсөлтийн суурийг тавих чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарч буй үр дүн, өнгөрсөн намрын чуулганы үеэр УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийн талаар танилцууллаа. Түүнчлэн Завхан, Увсад иргэдтэй уулзаж ярилцаж явахад улс орноо эдийн засгаас хямралаас гаргах үйлсэд хувь нэмрээ оруулж, дэмжлэг хандив өгье, бэрхшээлт байдлыг хамтын хүчээр даван туулъя гэсэн санал хэлж, санаачилга гаргаж буйд талархаж байгаагаа онцлон тэмдэглэв.
Дараа нь иргэд санал бодлоо илэрхийлж, асуулт асуув. Тэд шинээр эмхлэн байгуулагдсан төр, засгийн үйл ажиллагаа зөв эхэлж, олон чухал шийдвэр гаргаж байгаад талархаж байв. Түүнчлэн халамж, тэтгэмж бидэнд чухал биш, үйлдвэрлэл эрхлэх боломж, татварын таатай орчин, иргэн бүрийг ажилтай байлгах илүү чухал. Эвийг эрхэмлэж, монгол хүн бүр хамтран зүтгэж хямралаас гарна, улмаар улсаа хөгжүүлнэ гэдгийг чухалчилж байлаа. Мөн хөдөөд мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, зам харилцааг сайжруулах, төрийн байгууллагын томилгоонд чадавхи, туршлагыг харгалзан үзэх, алслагдсан бүс нутгийн нэмэгдлийн талаар шийдвэр гаргах, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж байв.
Иргэдийн сонирхсон асуултад УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд нар тодорхой хариулт өглөө. УИХ-ын дарга М.Энхболдод хандан Увсын иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт, төрийн албыг улстөржүүлэхгүй байх, сахилга хариуцлагыг эрхэмлэх, Давст сумыг Цэдэнбал сум болгох, газар тариаланг сэргээх зэрэг асуултууд тавьсан байв.
М.Энхболд дарга, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард олноосоо асууж байж
шийднэ гэж манай нам хөтөлбөртөө тусгасан. Миний хувьд нэг нам дангаараа буюу олонхиороо
шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ ард түмнээсээ асуугаад
цөөн тооны тодорхой асуудлуудаар өөрчлөлт оруулж болно. Тухайлбал Засгийн газрын
асуудал байна. Засгийн газрын эрх мэдлийг илүү тодорхой болгох ёстой. Хотын
асуудал байна. Суурин соёл иргэншлийн дэлхийн жишгийн дагуу аймгуудын төв, зарим
томоохон сумдыг хот болгохоос өөр аргагүй.
Төрийн албаны тухай хуулийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж өөрчилнө. Төрийн алба босго өндөртэй байхаас гадна төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайн хангах, улс төрөөс ангид, хараат бус байх, улс төрийн сонгуулийн дараа бужигнадаг байдлыг халж, дархлааг нь сайжруулах ёстой. Мэдлэг чадвар, дадлага туршлагаараа шат дараалан дэвших мерит зарчмыг хатуу хуульчилж өгөх нь зөв гэж үзэж байна.
Хариуцлага, сахилгыг сайжруулах талаархи Та бүхний бодолтой би санал нэг байна. Ингэж байж бид өнөөгийн бэрхшээлт байдлаас гарна. Ажилд томилогдож болно. Гэхдээ хариуцлагагүй байвал сольдог байх учиртай. Тиймээс хариуцлага, сахилгыг бүх шатанд сайжруулах, хуулийг чанд мөрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилтын нэг байх болно гэж хэлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.