Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.16/ хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 27 удаа хуралдаж, бие даасан 8 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72 хууль, Улсын Их Хурлын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулжээ. Энэ хүрээнд Байнгын хорооноос 49 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэж, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явцад 670 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг гаргасан байна. 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор 12 Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нийтдээ 66 удаа хуралджээ. Мөн иргэд, байгууллагуудаас тус Байнгын хороонд 145 өргөдөл, албан бичиг ирүүлсний 102-ыг нь шийдвэрлэж, хариу өгсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээлэв.

Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэгт бэлтгэн УИХ-аар  батлуулсан бие даасан 8 хууль тус бүрийн талаар танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан бөгөөд нийгэмд онцгой анхаарал татаж байсан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртдөг иргэдээ хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болохыг хуульчилсннаар хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах юм байна. Мөн нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид харьяалал харгалзахгүй 24 цагийн турш цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрджээ. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлж, гэмт хэрэгтэн болон хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй иргэн, албан хаагчдад шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгасан аж.


Мөн тус Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үндсэн чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар журамлажээ.

Түүнчлэн Монгол Улсын дотоодын цэргийн тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий 5 бүлэг 40 зүйлтэй Дотоодын цэргийн тухай хуулийн талаар танилцууллаа.

2002 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-аар батлуулжээ. Монгол Улс нь НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан жишигт нийцсэн, аль ч улс орны арбитрын шатанд хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны хэлбэр механизмийг бүрдүүлсэн Арбитрын тухай хуультай болсныг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр олон улсад танилцуулахаар төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдэд мэдээлэв.

Мөн төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаанд хэрэгжих Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан байна. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын талаар танилцууллаа.

Ирэх хаврын чуулганаар Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн томоохон хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг хэлэлцэж байгааг онцоллоо. Энэ хуулийн хүрээнд өмнө нь гэмт хэрэгт тооцогддог байсан зарим хөнгөн гэмт хэрэг зөрчлийн тоонд орж нийтдээ 1470 зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх аж. Тиймээс нийгмийн харилцаанд оролцож буй хүн бүрт хамааралтай тус хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, бизнесийн байгууллага, ТББ-ын оролцоог ханган, амьдралд нийцэхүйц, зөв хууль гаргах зорилгоор Байнгын хороо ажиллаж байгаа бөгөөд төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ бүх хувилбараар Хууль зүйн байнгын хороонд уламжлах боломжтойг онцлон мэдээлэв. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, ээлжит чуулган завсарласан байгаа ч Байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилсээр байгааг дуулгав. Ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх Ш.Раднаасэд даргын онцлон нэр дурдсан гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа аж. Мөн гуравдугаар сарын 06, 13, 20, 27-ны өдрүүдэд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, дээрх хуулийн төслүүдийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар иргэд, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд, судлаачид, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан, санал, дүгнэлтийг нь авахаар төлөвлөсөн байна.

Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Ганбаатар хэвлэлийн хуралд оролцсон юм. Тэрбээр, олон хууль батлагдах хэрээр нийгмийн харилцаа сайжирч, улс орны хөгжил дээшлэхгүй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлээд “Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр хэт нэг талыг баримтлах вий гэдгийг анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь хааж, боомилсон хууль, тогтоол гаргуулахгүй байх чиглэлээр ажиллах болно” гэлээ. Мөн санаачилсан хуулийн төсөл, батлуулсан хуулийн тоо үйл ажиллагааны үр дүн биш, тэр хүрээнд эрх зүйн ямар өөрчлөлт, дэвшилтэт зохицуулалтууд хийгдэж байгаад хэвлэл мэдээлэл болон иргэд анхаарал хандуулж байх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн.

Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл