Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, гишүүд мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Гантулга нар өнөөдөр /2017.02.17/ хэвлэлийн бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, нэг тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ хэмээн Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээлсэн.


Тэрбээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэн батлууллаа гээд Ахмад настны тухай хуулийг шинэчилсэн найруулж батлахдаа ахмад настнуудын өмнө тулгамддаг асуудлууд, тухайлбал, ахмад настны эрх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах зэрэг асуудлыг цогцоор нь тусгаж чадсан хэмээн онцолсон.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргаанд томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцож холбогдох хөрөнгийг 2017 оны төсөвт тусган батлуулсан талаар мөн тэрбээр мэдээлсэн. 65-69 настай ахмад настанд тавин мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн хишгийг жилд нэг болон долдугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн олгох болсон байна.

Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэлдээ дурдсан.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2017 онд зорилтод бүлгийн 660.000 хүүхдэд 161.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор улсын төсөвт тусгаж, бусад 400.000 орчим хүүхдийн мөнгийг 2019 оноос эхлэн нөхөж олгохоор төлөвлөн ажиллаж байна гэлээ.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны 111-р тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинээр бий болгож, Боловсролын зээлийн сан нийт 72 их, дээд сургууль, 6 арилжааны банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

Оюутны хөгжлийн зээл нь урт, богино хугацаатай байх бөгөөд арилжааны банк оюутанд таван хувийн сургалтын төлбөрийн зээл олгох юм байна. Статистик тоон мэдээллээр бакалаврын өдрийн ангид 125.230 оюутан суралцаж, урт хугацааны зээлд 10.269 оюутан, богино хугацааны зээлд 79.020 оюутан тус тус хамрагдах боломжтой болсон байна. 

2017 онд нийт 4709 төрийн албан хаагч 36 сарын буцалтгүй нэг удаагийн тэтгэмжид хамрагдаж, 78.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэг хүнд дунджаар 16.7 сая төгрөг ногдохоор байгаа аж.


Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан «Элэг бүтэн Монгол» хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, элэгний «С» вирусын эсрэг эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах шийдвэр гаргасаныг Байнгын хорооны дарга онцолсон. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны улсын төсвийн тодотголд 23,4 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт элэгний ѳвчин эмгэгийн оношлогоонд 5 тэрбум төгрөг, элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 20 тэрбум төгрөг, эрт илрүүлэлтийн үзлэгт 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар улсын төсөвт тусгажээ.

Эхчүүдийн хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил сарыг нэмэхээр хуульд тусгасан талаар Байнгын хорооны дарга мэдээлсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Байнгын хороо анхны хуралдаанаасаа эхлэн анхаарал хандуулж, салбарын яамтай хамтран ажилласны дүнд 18 хувь байсан малчдын зээлийн хүүг 15 хувь болгон бууруулсан хэмээлээ. Мөн 2016 оны намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулахад эмэгтэй гишүүд анхаарал хандуулж ирснийг дурдаад энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тухай мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Биеийн тамир, спортын тухай хуулийг УИХ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа гээд хуулийн төслийн талаар иргэд саналаа ирүүлэх боломжтой болохыг дуулгасан. Мөн өвдөхөөс сэргийлэн биеийн тамираар хичээллэхийн чухлыг дурдаад, эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг хүмүүс тэрхүү даатгалаараа бие бялдаржуулах фитнес төвөөр үйлчлүүлэх боломжтой болно гэлээ.

Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл