Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаан 09 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм. 
Уг  хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Засгийн газраас  2016 оны 12 дугаар сарын 22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  танилцуулахаар болов. 


Зээлийн  хэлэлцээрийн төслийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн,  Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм. 
 Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж 50 сая  хүртэлх еврогийн зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгохор болжээ. Энэхүү зээлийг Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100 хувь санхүүжүүлэхэд ашиглах аж. Монгол Улсын Засгийн газар нь Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газарт зээлийн ашиглалт бүрийн эргэн төлөлтийг үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 5 жилийн хугацаа дууссаны дараагаар  жилд 2 удаа еврогоор ашиглалт гарсан өдрөөс тооцож хийх аж. Зээл нь жилийн 0.15 хувийн хүүтэй  юм байна.
Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нар ажлын хэсгийн хамт оролцсон юм. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санал хэллээ. Ингээд  Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүд 100 хувь дэмжсэн юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийлээ.

Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон хоёр талт Австри Улс, ХБНГУ, БНСУ, БНХАУ гэх мэт хөгжлийн түншүүдтэй санхүүжилтийн хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцсон санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэн байгуулдаг билээ. Мөн Дэлхийн банкны зарим гишүүн орнууд тус банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг багцлан үр дүнтэй, түргэн шуурхай батлуулах, хэрэгжүүлэх зорилгоор “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулдаг туршлага байдаг аж.
Энэ хүрээнд Дэлхийн банкны холбогдох удирдлагууд, хуульчидтай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ.  Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэр “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгагдсан байна. 
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг  санхүүжүүлэхээр уг хөтөлбөрт тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их  Хурлын гишүүн Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Зээлийн зарцуулалт, төслийн техник эдийн засгийн үндэслэл тодорхой байх ёстой. Зээлийн үр өгөөж, эдийн засгийн бодитой өсөлтийг дэмжсэн байхад чиглэгдэх шаардлагатай. Энэ тал дээр Засгийн газар анхаармаар байна” гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг өрийн дарамттай хүнд байхад Засгийн газар авч байгаа зээлийнхээ үр өгөөжийг нь нэн тэргүүн бодмоор байна. Өрийн дарамтад байгаа энэ цаг үед эдийн засагтаа бодитой, үр өгөөж өгсөн зээл мөн үү гэдгээ тооцох шаардлагатай. Хийж бүтээсэн нь тодорхой бус зээлүүдийг зогсоох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлэв.
Ингээд  Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. 


Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг  дэмжив 
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, уг төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм. 
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан байна.  
Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байгааг салбарын сайд онцлов.
Уг зээлийн хүү нь 1.25 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил) аж. Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад оршино гэдгийг П.Сэргэлэн сайд танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их  Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ө.Энхтүвшин, Н.Амарзаяа,  З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд төсөлд хамрагдсан аймаг, сумдыг хэрхэн сонгосон, төсөл нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад  бодитой үр дүнд хүрсэн эсэхийг илүүтэй тодруулж байсан юм. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Төсөл маань  хөдөөгийн малчдын ядуурлыг бууруулахад чиглэсэн гэж байгаа ч төслийн задаргааг харахаар үр дүн нь сайн харагдахгүй байгаа. Тиймээс бид төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг хийхдээ төсвийн задаргаа дээр эргэж ярилцахаар төлөвлөсөн. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийнхантай уулзахдаа  ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад төслөө чиглүүлэх бодолтой байгаа гэж хариуллаа. Ингээд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хойшлууллаа
 Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа.  Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газар Олон улсын валютын сан болон холбогдох хуультай нийцсэн эсэх талаар тодруулга хийх хүртэл уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Хуралдааны эцэст “Чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн Үндэсний Аудитын газрын нийцлийн аудитын тайланг байнгын хорооны өмнөх хуралдаанаар хэлэлцсэн билээ. Энэ дагуу тус байнгын хорооноос Засгийн газарт "Чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг боловсруулсан аж. 
Байнгын хорооны тогтоолын төсөлд  улсын төсвийн нэгдмэл байдлыг хангах, тусгай сангуудын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, үр дүнг дээшлүүлэх, хооорондын уялдаа холбоог сайжруулах, давхардлыг арилгах, сангуудын зохицуулалтыг нэг хуулиар зохицуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр тусгажээ.
Мөн тусгай сангийн үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулаагүй, санхүүгийн эх үүсвэрийг хуулиар тодорхойлсон заалт бүрээр бүрдүүлээгүй, сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцохоор тусгасан байв. 
Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар асуулт асууж,  Улсын Их Хурлын гишүүн  З.Нарантуяа, Ч.Улаан нар санал хэлсэн юм.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн  З.Нарантуяа “Байнгын хорооны тогтоолын төсөлд Үндэсний аудитын газраас илрүүлсэн Засгийн газрын тусгай сангуудын өр, авлагыг барагдуулах саналыг тусгамаар байна” гэсэн бол  Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж “Тусгай сангийн хөрөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй байгаа учир төсвийн хяналтыг сайжруулах тал дээр чангаруулмаар байна” гэж байлаа. 
Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл