Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2017.11.16) хуралдаж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш банкны салбар нийт санхүүгийн салбарын 95 гаруй хувийг дангаар бүрдүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий салбар болон болон хөгжсөн гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлов.
Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банкны санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар банкны эрсдэл даах чадвар эрс сайжирч, санхүүгийн хувьд бэхжин, банкны тогтолцоо эрүүлжиж, улс орны хэмжээнд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх суурь нөхцөл бүрдэх төдийгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан арилжааны банкуудад Төв банкнаас тавих хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, эрсдлийг гарахаас нь өмнө сэргийлэх зэрэг дэлхий нийттэй хөл зэрэгцэхүйц шинэчлэл, өөрчлөлт хийхээр тусгасан байгаа учир хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин үүний дунд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалт оруулж байгаа үндэслэлийг тодрууллаа. Монголбанк төслийг боловсруулах явцдаа ОУВС-ийн хуулийн экспертүүдтэй зөвлөлдсөн бөгөөд энэ чиглэлээр судалгаа хийж байгааг ажлын хэсэг тайлбарлав. Зээлийн хүү олон зүйлээс шалтгаалдаг ч дээд хязгаарыг хуулиар тогтоодог бусад улс орны жишээ олон бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв. 2014 оны судалгаагаар 74 улсад ямар нэг байдлаар зээлийн хүүд тодорхой хязгаарлалт хийсэн байдаг аж. Тэдгээр улс орнуудад Сангийн яам эсвэл шүүх байгууллага нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог бол хэлэлцэж буй хуулийн төслөөр Монголбанк тогтоохоор тусгагдсанаараа онцлогтой гэлээ. Түүнчлэн төслөөр зээлийн хүүгийн хязгаарыг төв банк тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар төслийн талаар тодруулж, байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцэж буй хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Б.Жавхлан ажиллана.
Ийнхүү хуралдааны төгсгөлд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.