Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 40 дэх дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 40 дэх дугаарт Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатарыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбатыг, Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболдыг, Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатарыг, Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзоригийг, Барилга, хот байгуулалтын сайдаар Хавдисламын Баделханыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Цэдэнбалын Цогзолмааг, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Жадамбын Бат-Эрдэнийг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Батжаргалын Батзоригийг, Эрчим хүчний сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдаар Даваажанцангийн Сарангэрэлийг тус тус томилсон юм.

Мөн УИХ-ын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн юм.

Мөн дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  хууль тогтоомж, стандартын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоон ослын тохиолдлыг бууруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт, зарчим, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл