Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.26.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулав.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудаас 105 нь иргэний оролцоог хангах зохицуулалттай ч эдгээр нь харилцан уялдаагүй, нэгдмэл бус байна гэдгийг хөндлөнгийн судалгааны байгууллагуудаас дүгнэсэн байна. Иймд иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Байнгын хороо уг төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс энэхүү хуулийн төсөл нь 1992 оны Үндсэн хуулиас хойш иргэдийн улс төрийн эрхийг улам бататган баталгаажуулахад чиглэсэн сайн талтай хэдий ч хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах үүднээс төслийн заалт нэг бүрийг нухацтай авч үзэх шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа, хууль санаачлах эрх нь Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газарт хадгалагддаг бөгөөд хуулийн төсөлд иргэд хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлахаар тусгасан. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөлтэй агуулга, зарчим, үзэл баримтлалын хувьд уялдаатай болохоос нэгтгэх хэмжээний адил төстэй биш гэдгийг тайлбарласан юм. Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар үг хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжээгүй учир Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлав
Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хороо нэгдүгээр сарын 24-ний хуралдаанаараа явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, хамгаалаптай холбогдолтой хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхдээ төсвийн эх үүсвэрийг сайн тооцож байхыг байнгын хорооны гишүүд анхааруулсан ба Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын саналыг 77.4 хувь нь дэмжив. Ийнхүү хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүд олонх дэмжин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
Дээрх асуудлын дараа өнгөрсөн оны аравдугаар сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хороо санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.
Хууль зүйн байнгын хорооноос хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Хууль зүйн байнгын хороо Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаарх хэлэлцүүлгийг холбогдох хуулийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн оролцоотойгоор зохион байгуулсан байна. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,
-төсөлд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг албан үүргээ гүйцэтгэх хугацаанд гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор заасан байсныг өөрчилж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан албан тушаалтнуудад хамааруулахаар төсөлд тусгах;
-төсөлд дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч өмнө нь гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор “зохих арга хэмжээ авна” гэж тодорхой бус заасныг өөрчилж, гадаад улсын банкинд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авах асуудлыг төсөлд тусгах;
-дээр дурдсан албан тушаалтан гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолт хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд уг албан тушаалтан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдэл гаргах асуудлыг төсөлд тусгах;
-хуулийн үйлчлэлд тухайн албан тушаалтнаас гадна хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийг хамруулах зэрэг ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Ундармаа нар энэхүү хуулийн төслийн тодорхой зохицуулалтууд нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчих эсэхийг лавлахад улс төрчдийн офшор бүс дэх мөнгөн хөрөнгийн асуудал нийгэмд дуулиан тарих үед түүнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт байгаагүй. Тиймдээ ч ёс зүйн хариуцлага хүлээж, эрхэлж байсан албан тушаалаасаа огцорсон юм. Үүний цаана хууль бусаар хөрөнгөжсөн эсэх эрүүгийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлыг эрх зүйн орчин дутмаг байснаас шийдээгүй өнгөрсөн. Эрүүгийн хуульд 2008 онд өөрчлөлт оруулан хууль бусаар хөрөнгөжих гэдэг шинэ төрлийн гэмт хэргийн талаарх зохицуулалтыг оруулсан ба мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг нь уг хуулиар зохицуулагддаг хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбар хийлээ. Түүнчлэн дотоодын хуульд Улсын Их Хурлын гишүүд сургалт, эрдэм шинжилгээний ажлаас өөр ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй заалттай. Тодруулбал төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон 301 албан тушаалтан монгол төрд зүтгэхээр тангараг өргөсөн бол албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа гадаад улсад санхүүгийн ямар нэг үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн “офшор бүс” хэмээх ойлголтыг хуулиар тодорхойлох нь Монгол Улсын гадаад харилцаанд тодорхой эрсдэл үүсгэх магадлалтай хэмээн үзэж “гадаад улс орнууд” хэмээн тодорхойлох шаардлага үүсчээ.
Төслөөр хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд болох эхнэр, эсвэл нөхөр, насанд хүрээгүй хүүхдэд энэ зохицуулалт хамаарна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарлав. Түүнчлэн хуулийн төсөлд төрд албан тушаал хашиж буй 38900 хүнийг гадаадад данс эзэмших, гадны компанийн хувьцаа эзэмшихийг хориглох заалттай байсныг хэлэлцүүлгийн явцад 301 албан тушаалтанд л хамаарахаар болгон өөрчилсөн гэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун офшор бүст данстай байх, гадаадын банкинд данстай байх нь өөр ойлголт гэдгийг онцолж хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулиуд болон хуулийн төслүүд дэх найруулга болон нэр томьёоны зөрчлийг арилгахад анхаарахгүй бол хүчин төгөлдөр болсон өдрөөсөө эхлэн иргэн бүрийн өдөр тутмын амьдралын хэм хэмжээг тогтоож байдаг баримт бичгийн хувиар агуулгын томоохон сөрөг үр дагавартай гэдгийг хэлж байв. Ийнхүү зарчмын зөрүүтэй 9 саналаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Санал хураалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийг сайтар нягтлан, асуудлыг эргээд ярилцах шаардлагатай учир Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна гэж мэдэгдсэнээр дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Ингээд байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналыг томьёоллоор санал хураалт явууллаа. Төсөлд хуулийн дагаж мөрдөх хугацааг “2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэснийг “2017 оны 03 дугаар сарын 01” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа. Тус байнгын хорооны 2017 оны 02 тоот тогтоолоор дээрх шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар ажиллажээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн хуралдаанаараа ажлын хэсгээс гаргасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашигладаг олон улсын нэр томьёог өөрийн орны онцлогт нийцүүлэх, нэр томьёо, чиг үүргийн давхцлыг арилгах, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, түүний эрх, үүргийг нарийвчлан тогтоох, сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд системтэйгээр зохион байгуулах, хэрэгжүүлэх зохицуулалтыг оновчтой болгох, гамшгийн өмнөх болон болж байх үе, түүний дараах үеийн үйл ажиллагааг дэс дараатай, шаталсан, ялгаатай байдлаар нарийвчлан тусгах, дотоодын болон гадаадын гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн талаарх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тусгах, “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиудын үзэл санаа, заалтуудтай нийцүүлэн онцгой байдлын байгууллагын тогтолцоо, чиг үүргийг шинээр тодорхойлох, төрийн цэргийн байгууллагын хувьд нэгдмэл байх зарчмын шаардлагыг хангах, бие даасан үйл ажиллагаа явуулах, алба хаагчдын эрх зүйн байдал, баталгааг төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын нэгэн адил болгох, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн бусад баталгааг эдлэх боломжтой болгох, мөн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нэр томьёотой холбогдсон өөрчлөлтүүдийг тусгах талаарх саналуудыг хэлэлцэхэд гишүүдийн олонх дэмжсэн байна.
Тухайлбал, төсөлд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбогдсон хэсэг нэмэх, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байлгах, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тэргүүн дэд даргад цэргийн дээд цол олгож болох талаар заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж эдгээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүрээр санал хураалт явуулсныг дэмжив. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Шинэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэхийг дэмжив
Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан. Төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх үүднээс Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан судалгааг боловсруулсан аж. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар тээвэрлэх гол ачаа төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд, бараа бүтээгдэхүүн байх юм байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хотын гангийн үйлдвэрт нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэн, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулж, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт болох ач холбогдолтойг Д.Ганбат сайд дурдав.
Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд төсөл санаачлагч болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва, Л.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилт, ашиглалтад орсон тохиолдолд эдийн засгийн үр өгөөжийн талаар асууж, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хариулт өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн төмөр замын эдийн засгийн ач холбогдлын талаар, дотоод дахь төмөр замын ачаа болон зорчигч тээврийн өртгийг нэмэгдүүлэхгүйн тулд шинэ чиглэлийн төмөр замыг 1520 мм буюу өргөн царигтайгаар тавих болсон талаар тайлбар хийлээ. Шинэ чиглэлийн төмөр зам зөвхөн экспортын тээвэрлэлт хийхгүй, Монгол Улсын төмөр замын гол сүлжээтэй холбогдож байгаа. Тодруулбал, Алтанбулаг-Замын Үүд хүртэлх төмөр замтай холбогдож байгаа учир шинэ чиглэлийн төмөр замын цариг үндсэн сүлжээнээс өөр стандарттай байгаа тохиолдолд ачаа болон зорчигч тээвэрлэлт нь дугуй солих, вагон шилжүүлэхээс үүдэн өртөг нэмэгдэх магадлалтай. Тиймээс 1520 мм буюу өргөн царигаар барих нь оновчтой бөгөөд төмөр зам дахь экспортын тээвэрлэлтээ өөр гарцаар шийдэх нь зүйтэй гэсэн тооцооллыг Засгийн газар гаргасан болохыг тэрээр тайлбарласан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа илэрхийллээ. Монгол Улс далайд гарцгүй, харин шинэ чиглэлийн төмөр зам нь бүс нутгийн төмөр замын сүлжээнд ач холбогдолтой байх эсэхийг тооцох нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан хэллээ. Мөн энэхүү бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Бугатын аж үйлдвэрт урт хугацаанд нүүрс, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулах, аялал жуулчлалыг энэ чиглэлээр дэмжих бололцоог судлах зэргээр асуудлыг том зургаар нь харж, Засгийн газар хооронд урт хугацаанд хамтран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэн, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, хөрш орнуудтайгаа төмөр замын асуудлаар ярилцан, харилцан тохиролцсны үндсэн дээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг иж бүрнээр нь дахин харах шаардлага байгаа талаар санал хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, улс оронд өрийн дарамт нүүрлээд байхад 1 тэрбум ам.долларын Засгийн газар баталгаа гаргах энэ бүтээн байгуулалтыг хийхийг Улсын Их Хурал зөвшөөрөх нь зохисгүй. Засгийн газар төслөө татаж аваад, шинэ төмөр замынхаа эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх асуудлуудаа тодорхой болгон, нарийн тооцоо хийсний үндсэн дээр дахин оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээгээд дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64 хувь нь дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэг шилжүүллээ
Үргэлжлүүлэн “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.
Иргэний нисэхийн тухай хууль, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого болон Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид зайлшгүй байх шаардлагатай гэсэн үндэслэлээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэх олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэхээсээ илүү ард түмнийхээ өмнө л хүлээсэн хариуцлагаа дээдэлдэг байх, мөн агаарын тээврийн өртөг зардлыг багасгаж аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг үзүүлэх, иргэд өндөр үнээр бусад оронд зорчиж байгааг анхаарах, өргөн мэдүүлж байгаа асуудлуудлаа оновчтой эсэхэд дүгнэлт хийх, иргэний нисэхийн салбарт өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд онцгойлон анхаарах, мөн нислэгийн хямд үнэ чухал хэдий ч хямд үнэ болон санхүүгийн үр ашгийн хоорондын уялдаа холбоонд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, А.Сүхбат нар санал хэлсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь нь дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэнээр чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.