Цэс

Холбоо барих

Төрийн ордны танилцуулга

Төрийн ордны тухай хуулинд заахдаа Төрийн ордон бол Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд монгол хүний ур ухаан шингэсэн архитектор урлагийн бүтээл мөн гэсэн байдаг.

Сурвалж бичгүүд, археологийн олдворт мэдээлснээр Төрийн ордны үйлчилгээ хэлбэр, агуулгын хувьд асар их баян уламжлалтай болох нь Их Монгол Улсын Хаант төрийн “Түмэн-Амгалан” орд өргөө, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн ордон болон түүний үйлчилгээний түүхээс тод томруун харагддаг. Хааны ордон нь тухайн улс орны уран барилга, соёлын хөгжлийн түвшинг илтгэдэг байна.

1921-1924 онд ардын төрөөс хэрэгжүүлсэн улс төр нийгэм, эдийн засгийн гол арга хэмжээ бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын ололтыг бэхжүүлж, Богд хаант төрийн хууль тогтоомж хэв хэмжээг бүрмөсөн халж, үндсэн хуульт Бүгд Найрамдах байгуулал тогтоох явдал байжээ. 1924 онд Улсын анхдугаар бүгд хурал Нийслэл Хүрээнээ явагдаж БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг баталж, Монголын төрийн түүхнээ анх удаа хаант ёсыг халж үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, туурга тусгаар монгол Улсаа “Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой. Анхдугаар их хурал Үндсэн хуулиа баримтлан, Улсын бага хурлыг 30 хүний бүрэлдхүүнтэй сонгож, Нийслэл Хүрээг БНМАУ-ын нийслэл-Улаанбаатар хэмээн нэрийджээ.

Шинэ үндсэн хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эхэлсэн Улсын Бага Хурал, Засгийн газар нь 1950-иад оны эхэн хүртэл нэгдсэн ордонтой болоогүй янз бүрийн байруудад байрлаж байсан. Их, Бага хурал, Төрийн ёслол зэрэг төр засгийн томоохон арга хэмжээ 1926 онд байгуулсан Ардын цэнгэлдэх хүрээлэн /Бөмбөгөр ногоон/-д, Засгийн газар нь1930 онд баригдсан хоёр давхар цагаан байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байр/ байрлаж байв.

БНМАУ-ын Төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон 1930 оны сүүлээс сэдэн Төрийн ордны барилгын суурийг 1947 оны 4-р сард тавьсан бөгөөд барилгын ажилд дотоодын 700, гадаадын /орос, хятад, япон/ 500 хүн ажиллаж 1951 онд бүрэн ашиглалтад өгчээ. Ордны барилгын зураг, баримал чимэглэлийг уран барималчин Чоймбол хийж хожим нь Төрийн шагнал хүртжээ.

Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 ондоо багтаж Улсын бага хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Зохион зааварлах хэлтэс, Хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ.

1954 онд Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр баригдсан байна. Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа амралт, баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.

Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.Төрийн ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёрдахь өргөтгөл хийгджээ. Өргөтгөл хийгдсэнээр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр бий болсон. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 500-аад ажлын өрөөтэй, гадагшаа харсан 900 гаруй цонхтой болсон.

Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим /хуучнаар АИХ-ын танхим/ олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна. Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг. Харин 2016 онд Улсын Их Хурлын даргын 22 тоот захирамжаар Төрийн ордны байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус өөрчлөн нэрлэхээр шийдвэрлэсэн юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл