Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсэг өнөөдөр (2017.11.08) Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллав.  

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Тус ажлын хэсэг эхлээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллан, хүүхэд хамгааллын чиглэлээр 2017 онд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсов. Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангахтай холбоотой эрх зүйн орчин бүрдсэн хэмээн дүгнэж, холбогдох газрууд хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэх хүрээнд тогтолцоог бүрдүүлэх, хандлагыг өөрчлөх, нөлөөлөл үзүүлэх зорилготой олон ажлыг хийж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллийн эхэнд онцолсон.


Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөтгөсөн ч орон тоо хэвээрээ байгааг тус байгууллагын дарга О.Алтсансүх танилцуулаад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой хэмээн үзжээ. Иймээс агентлагаас 2017 оныг хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах жил болгон, сургалтын цогц модуль боловсруулж, 75 сургагч багш бэлтгэжээ. Үүний үр дүнд үндэсний хэмжээнд ажиллаж буй 609 хамтарсан багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамруулсан байна. Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаар хууль эрх зүйн болон үйлчилгээний талаарх мэдээлэлтэй болж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүй, ойлголт сайжирч, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломж, гарцын талаарх ойлголтоо нэгтгэн, туршлага солилцон ажиллахын зэрэгцээ мэдээллийн сан бүрдүүлэх зэргээр үйл ажиллагаанд нь бодитой үр дүн, ахиц гарч байгаа аж. Хамтарсан баг өнгөрсөн хагас жилийн хугацаанд 778 гэр бүлтэй ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөөг 1031 хүнд өгсөн бол аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээг 555 хүнд, нийгмийн халамжийн үйлчилгээг 1279 хүнд, хүүхэд хамгааллын үйлчилгээг 662 хүүхдэд, эмнэлгийн тусламж үйлчилгээг 662 хүүхдэд, холбон зуучлах дараагийн үйлчилгээг 420 хүнд тус тус үзүүлсэн байна.

Чадавхжуулах сургалтыг зохион байгуулснаас хойш хамтарсан багийн гишүүдийн 19.7 хувь нь шинэчлэгдсэн байна. Иймд 2018 онд хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах хоёр дахь шатны хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгааг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Мөн засаг захиргааны анхан шатны нэгж дээр ажиллаж буй нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх, тараах материал, зөвлөмжийг боловсруулж түгээх, нийгмийн ажилтнуудыг анхан болон дунд шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээтэй байгааг О.Алтсансүх дарга танилцуулсан.

Үргэлжлүүлэн тэрбээр Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын таван жилийн аяныг эхлүүлсэн талаар дуулгав. Энэ аяны хүрээнд www.huuhedburt.mn цахим сайт, гар утасны аппликейшн боловсруулжээ. Олон нийтэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж хэвшихэд шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл бүхий аппликейшныг 880 хэрэглэгч гар утсандаа татсан гэв. Дээрх хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд иргэн бүрт хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг хүргэх нь чухал гэдгийг О.Алтсансүх дарга тайлбарласан. Мөн тэрбээр Монгол Улсын 2017 оны төсөвт Хүүхэд хамгааллын тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд зориулсан төсөв, зарцуулалтын тайлан, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах үйл ажиллагааны хэрэгжилт, асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдийн нөхцөл байдал, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь “Улсын Их Хурлын хоёр байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нарын эмэгтэй гишүүд дийлэнх ажиллаж байгаа юм. Мөн Ж.Батзандан гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд Д.Цогтбаатар гишүүн ажиллаж байна. Ажлын хэсэг эхлээд Хүний эрхийн үндэсний комисс дээр ажилласан, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын асуудал болон гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэгтэйгээр оролцож, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой учраас дээрх уулзалтыг зохион байгуулсан. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нар болон яамдын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, дээрх дөрвөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн захиргааны төв байгууллагаас хийж болох ажлууд, холбогдох дүрэм журмыг боловсруулахдаа амьдралд нийцүүлэх чиглэлээр санал солилцсон. Өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл учирч байна, нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авлаа. Санхүүжилтийн хувьд 396 сая төгрөг хангалтгүй байгаа юм байна, өнөөдөр Улсын Их Хурлаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа учраас бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр төсөвт тодорхой өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна” гэлээ. Түүнчлэн сүүлийн үед олон нийтэд ил болоод буй хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, гэмт хэргүүд, харъяалах салбарын байгууллагуудаас гаргасан энэ төрлийн тоон мэдээллүүд нь бүх нийтээрээ анхаарлаа хандуулж, сэрэмжлэх, тэмцэх шаардлага үүсээд байгааг илэрхийлж байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ, 3 сая иргэнтэй Монгол Улсын хувьд хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлын тоон мэдээлэл нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт. Тэр дундаа олон нийтийг цочроосон мэдээлэл, тохиолдол сүүлийн үед ойр ойрхон олон нийтэд ил болсон. Тэгэхээр холбогдох газрууд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэхээр ийм асуудал далд хэлбэрээр байсаар ирсэн үү, ойрын хугацаанд огцом нэмэгдэж байна уу, эсвэл илрэлт нь сайжирсан уу гэдгийг судлан, асуудлыг шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй гэв. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл түгээхэд санаачилгатай оролцох шаардлага бийг тэмдэглэн, энэ чиглэлээр хамтарч ажиллах гарцын талаар санал солилцов. Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хүүхэд хамгааллын үйлчилгээ, хүүхдийн эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ орон нутаг дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, хил орчмын аймаг, сумдад илүү идэвхтэй ажиллан, анхааралтай, сэрэмжтэй ажиллах ёстойг онцоллоо. Түүнчлэн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Саранчимэг нар мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан саналаа хэлж, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ажлын хэсгийн гишүүдийн тодруулсны дагуу мэдээлэл танилцуулав. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2017 оны есдүгээр сарын байдлаар 824 бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.4 хувиар буурсан байна. Үүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөө бий хэмээн тэмдэглэв. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэн 2110 хүн захиргааны шийтгэл хүлээсэн, энэ төрлийн гэмт хэргийн 80 хувь нь гэр, орон сууцандаа үйлдэгдэж байгааг холбогдох баримтуудаас харж болно гэдгийг тэрбээр мэдээллээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамдын хамтарсан болон дангаар шийдвэрлэх 35 журмыг батлахаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны 30 нь батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж байгааг дэд сайд дуулгав. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилтийн талаар мэдээлэл танилцуулж, улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээ болон түр хамгаалах байрны асуудал тулгамдаад байгааг хэллээ. Нийтдээ 15 түр хамгаалах байр, 9 нэг цэгийн үйлчилгээний байр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018 онд 10 нэг цэгийн үйлчилгээ, 5 түр хамгаалах байрыг шинээр байгуулахаар холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдээд байгаа аж. Энэ хүрээнд тухайн төвийн байрлах байрны асуудлыг орон нутаг нь шийдвэрлэж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч тал нь тохижилт, тоног, төхөөрөмжийг бүрэн хариуцахаар тохирсон. Гэтэл зарим аймаг үүн дээр идэвхгүй хандаж, тодорхой хариу ирүүлэхгүй удааширч байгаа аж. Үүний зэрэгцээ эдгээр төвд ажиллах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн асуудал шийдэгдээгүй, иймд ирэх оны төсвийн төсөлд энэ зардлыг тусгуулах тал дээр ажлын хэсгийн гишүүдээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Түр хамгаалах байранд ажиллав

Үүний дараа Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байранд ажиллан, үйл ажиллагаатай нь танилцав.

Хүүхдийн тусламжийн 108 утас нь өдөр бүр 24 цаг, дөрвөн ээлжээр ажилладаг байна. Нэг ээлжинд гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгч, газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг Түр хамгаалах байранд авчрах зорилгоор нэг жолоочтой ажилладаг байна. Тус төв 2014 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийтдээ 745.000 гаруй дуудлага хүлээж авсны 495.000 орчим нь зорилтот дуудлага болохыг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал Д.Ундараа танилцуулав. Өдөрт 450-700 дуудлага хүлээн авдаг бөгөөд 102, 103, 105 дугаар буюу Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй нягт хамтран ажилладаг байна. Аравдугаар сараас эхлэн тус төвд хандаж буй иргэдийн тоо өссөн гэдгийг тэрбээр онцлоод “Сард 12.000-14.000 дуудлага хүлээн авдаг байсан бол аравдугаар сард 20420 дуудлага хүлээн авсан” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хөршүүдээс хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хэр их ирүүлж байгааг тодруулахад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш харьцангуй өссөн. Үүний шалтгаан нь хамтарсан багууд харъяа нутаг дэвсгэрийнхээ иргэд, зорилтот хэсгүүдэд сургалт явуулж, мэдээлэх, таниулах ажил нэлээд хийсний үр дүн гэж бид үзэж байгаа. Бас сургууль, цэцэрлэгийн орчинд ажилладаг иргэдээс манай төвд хандан мэдээлэл ирүүлж байгаа” гэлээ. Тус төвийн ажилтнуудын нийгмийн асуудал, тэр дундаа стрессийн менежментийг хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсээд буйг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтсансүх хэлж байсан.


2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дэргэд эрсдэл өндөр бүхий хүүхдэд 72 цагийн хугацаанд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой Түр хамгаалах байрыг ажиллуулж эхэлжээ. Арваннэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 212 хүүхдэд буюу 0-3 насны 34, 4-6 насны 56, 7-9 насны 40, 10-14 насны 38, 15-18 насны 44 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн талаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байрны зохицуулагч М.Содгэрэл танилцуулав. Түр хамгаалах байранд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Өнөөдрийн байдлаар долоон хүүхэд байрлаж байгаа бөгөөд тус байгууллага 11 ажилтантай талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулан, Түр хамгаалах байрны орчин нөхцөл, хийгдэж буй өргөтгөлийн ажлыг үзүүлэн, мэдээлэл өгсөн юм.

 “Өнөр бүл” асрамжийн төвд ажиллав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа “Өнөр бүл” асрамжийн төвд ажиллав.


Тус төвийн асрамжид өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд байдаг бөгөөд тэд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 11 төрлийн дугуйлан хичээллүүлж байгаа аж. Дугуйлангуудын үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг нар танилцсан бөгөөд хүүхдүүдийн хийсэн бүтээлийг худалдаалах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Өнөр бүл” төвтэй хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг хэлж байв. "Өнөр бүл" төв хүүхдүүдийнхээ мэдээлэл, баримт, сэлтийг нууцлалын зэрэглэлтэйгээр хадгалахын тулд архивын өрөө нэн шаардлагатай байгаа учраас Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санхүүгийн асуудлыг шийдвэрлэн, завсар үйлчилгээг нь хийлгэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хэлсэн юм.


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.7 дахь зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд хараа хяналтгүй хүүхдийн эрхийг хамгаалж нийгмийн ажлын нөхөн сэргээх, холбон зуучлах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг системтэй, үр дүнтэй зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа аж. 2017 оны аравдугаар сарын байдлаар хөдөө орон нутагт 16, нийслэлд 68, нийтдээ 84 хүүхэд хараа хяналтгүй амьдарч байгааг илрүүлсэн байна. Тэднийг аль нэг асрамжийн төвд шууд шилжүүлэхэд хүндрэлтэй байдгийг О.Алтансүх дарга хэлж байлаа. Хараа хяналтгүй хүүхдүүдийг асрамж халамжийн төвд амьдруулах нь тэдний онцлогт тохирсон суурь хэрэгцээг хангадаггүй тул тусгай үйлчилгээг бий болгох шаардлага тулгамдсан байна. Иймд Багахангай дүүрэгт хараа хяналтгүй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээний дамжин өнгөрөх төвийг байгуулан улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 69.9 сая төгрөгийн их завсарын ажлыг хийсэн байна. Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 122.3 сая төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд тусгуулахаар шийдвэрлүүлээд байгаа гэв. "Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ" ТББ-тай хамтран хараа хяналтгүй хүүхдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны стратеги, үйлчилгээний зураглал, дотоод журам зэргийг боловсруулах, хараа хяналтгүй хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргах ажил хийгдэж байгаа юм байна. Эдгээр ажлыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор дуусгаж, 20-ны өдрөөс хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх ажлыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулж Хараа хяналтгүй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан. 


Тус төвд ажиллах үеэр асрамжийн төвүүд 18 нас хүрсэн хүүхдийг үргэлжлүүлэн халамжлах боломжгүй байдаг, гэтэл хүүхдүүд мэргэжилгүй учраас хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй, орон гэргүй, үүнээс үүдэн буруу замаар орох, бусдад уруу татагдах, нийгмийн эмзэг бүлэг рүү орох зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг талаарх асуудал хөндөгдөв. Одоогоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт асрамжийн төвд хүмүүжсэн 18-аас дээш насны иргэдийг тодорхой хугацаагаар байршуулан, нийгэмшүүлэх бэлтгэл хийдэг ч энэ үйл ажиллагааг зогсоон, орон тоон дээр нь 18 нас хүрээгүй хүүхдүүдийг хүлээн авч асрамжлах үүргээ гүйцэтгэх шаардлагатай гэдэг чиглэл ирсэн хэмээн Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн хэллээ. Гадаадын улс орнууд асрамжийн төвд 18 нас хүртлээ амьдарсан иргэдээ онцгойлон анхаарч, мэргэжилтэй, ажлын байртай болох хүртэл буюу 30 нас хүртэл нийгэмшүүлэх зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлдгийг асрамжийн төвийн ажилтнууд ажлын хэсгийнхэнд дуулгаж, энэ асуудалд анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ. 

Ажлын хэсгийн гишүүдийг дагалдан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл