Цэс

Холбоо барих

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 16 цаг 40 минутад гишүүдийн 55,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн зарлагын хяналтын Дэд хорооны санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2018 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв нь нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн, боловсрол болон эрүүл мэндийн урсгал зардлыг өсгөсөн, халамж, нийгмийн хамгааллын шинж чанартай төсөл өргөн баригджээ гэж байлаа.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын 12.6 хувийг  эзэлж байгаа 1,156.7 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээний төлбөрийг үе шаттайгаар бууруулах замаар төсвийн тэнцлийг сайжруулах, халамжийн бодлогыг хавтгайруулахгүй байхад Засгийн газар анхаарч, төсвийн төслийг өргөн барих нь зүйтэй гэдгийг Дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулгадаа  онцлов. 


Үргэлжлүүлэн  хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөр болон Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмуудыг мөрдлөг болгон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь байхаар төслийг боловсруулсныг онцлов. Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд дараах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:

-Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх;

-Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийх;

-Ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх;

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх;

-Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлөх;

-Орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх;

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх;

-Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх;

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах;

-Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлэх;

-Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулах;

-Төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан гэдгийг Г.Занданшатар сайд дурдав.



Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл