Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 26 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмуудыг мөрдлөг болгон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь байхаар ирэх оны төсвийн төслийг боловсруулжээ. Сангийн сайд үргэлжлүүлэн 2018 оны төсвийн төсөлд тусгасан бодлогын арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Л.Энх-Амгалан нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд төсвийн үндсэн үзүүлэлтүүд хоорондоо нягт уялдсан байгаагаас гадна улсын эдийн засгийг даах хэмжээгээр орлого, зарлагаа бодитой тооцсон. Үндсэн үзүүлэлтүүд олон улсын банк санхүүгийн байгууллагатай тохирсон байгаа энэ үзүүлэлтээр батлагдах юм бол энэ төсвийн төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаагаа тэрбээр онцолсон.
Ингээд 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ЖДҮ-ийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх, “Мэргэжилтэй ажилчин” хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх, төсөл боловсруулах, Ази, Европын өндөр хөгжилтэй орнуудын туршлага судлах, туршилтаар залуучууд, мэргэжлийн ажилтнууд, ЖДҮ-ийн эзэд, мастеруудыг давтан сургах, хэлний сургалтад хамруулах зэрэг бусад үйл ажиллагаанд зориулж 5 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үеэр дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай гэж заасны дагуу Сангийн яамнаас холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагийн дотор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Сонгон шалгаруулалтад битүүмжилж ирүүлсэн материалын хуудас бүрт бүртгэлийн дугаараа бичих боломжгүй тул тэмдэглэгээ хийх хэсгийг хассан. Сонгон шалгаруулалт явуулах боломжтой талбайн солбилцол тогтоохдоо агентлаг тодорхойлсны үндсэн дээр яаманд хүргүүлэх бөгөөд яам нь нэгдсэн бодлогын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тусгасан байна. Мөн сонгон шалгаруулалт явуулахдаа Ашигт малтмал, газрын тосны газар нь яамнаас санал авахаар тусгажээ. Түүнчлэн шуудангаар сонгон шалгаруулалтын хүсэлт ирүүлэх боломжтой байсныг хасчээ. Үйлчилгээний хөлс төлсөн баримт нь сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага төлбөр төлөөгүй учраас сонгон шалгаруулалтын бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас хассан байна. Техникийн саналд тусгах зүйлсийг илүү ерөнхий байдлаар өөрчлөн найруулсан аж. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг нээж, үнэлж, дүгнэж гаргах байдлаар тусгасан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгохтой хамааралтай зарим өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар ажлын хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараас асуулт асууж, зарим зүйлийг тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн ч ажлын хэсэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дахин хуралдах шаардлагатай учир Байнгын хорооны хуралдааныг маргааш 09.00 цаг хүртэл хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.