Цэс

Холбоо барих

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан  15 цаг 17 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд, мөн Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов.


Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.

Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд төсвийн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт хийх, мөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийж, төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулахаар тусгалаа.


Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлж оюутны зээлийн үр өгөөжийг дээшлүүлэх, орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан.


Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг эхлүүлэх, малчны тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх, төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох, төрийн байгууллагын давсан орлого, хэмнэсэн зардлын эх үүсвэрээр ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх олгохоор тусгасан. Түүнчлэн төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулж, төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн орнуудын сайн жишигт хүргэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж үргүй зардлыг багасган улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг гол зарчим болгож хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг дурдав.

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжирна. Түүнчлэн 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэх, улсын төсвийн алдагдлыг ДНБ-ний найман хувьд хүргэж бууруулах, цаашид төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэх зорилт тавьж байгаа гэдгийг Сангийн сайд тодотголоо.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас тодорхой санал ирүүлээгүйг мэдэгдлээ. Харин тэрбээр ирэх онд зарим орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгууль болохтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зардлын багцыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргаж буйгаа хэлээд энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулга өгөхийг хүсэв.


Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ талаарх хариултдаа, Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар нөхөн сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн Ням гараг, 10 дугаар сарын эхний Ням гарагт нэгдсэн журмаар орон даяар явуулахаар хуульчилсан. Урьд нь нөхөн сонгуулийг орон нутагт тухай бүрт нь явуулдаг байсан. Хуулийн шинэ зохицуулалтын дагуу саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн санал авах автомат машиныг орон нутагт хүргүүлэх гээд зардал нэмэгдэж байгаа. Одоогоор 17 аймгийн 47 суманд ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох, 7 аймгийн 10 суманд дахин сонгууль явуулах судалгаа гарсан. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч нь төрийн албанд шилжсэн, нас барсан, мөн засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжсэн зэрэг шалтгааны улмаас нөхөн сонгууль явуулах нөхцөл үүсээд байгаа гэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн урьд нь орон нутаг өөрсдөө хөрөнгө зардлаа гаргаад нөхөн сонгуулиа хийгээд явдаг байсан, тэр жишгээрээ явахад болохгүй зүйлгүй. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа, энэ хуулийн төслийг хэлэлцэж баталбал асуудлыг зохицуулах боломж бас бий. Нөгөө талаар улс орны эдийн засаг хүнд байгаа ийм үед нөхөн сонгуульд төсвөөс зардал гаргах нь зохимжгүй учраас зарчмын зөрүүтэй саналыг дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн юм.


Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2018 оны төсвийн багцын нөхөн сонгуулийн зардлыг 200 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж  өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Байнгын хороо, дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед нам, эвслийн бүлэг, гишүүдийн гаргасан санал нь Төсвийн тухай хуулийн 6.2.6 дахь заалтад нийцсэн байна.”, “Хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслийн бүлэг, гишүүд, Ерөнхийлөгч тодорхой төсөл хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж нэг саналын томьёолол болгон санал хураалт явуулна.” гэсэн агуулгатай 25.11, 25.12 дахь хэсэг нэмэхээр тусгажээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 15 дахь заалтад “- эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт” гэж нэмэх,  ”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсэгт “18.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэх, мөн хавсралтын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсгийн “9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар” гэснийг “9.Нийгмийн даатгалын ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тусгасан байна.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулсан бөгөөд хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй.

Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай  хуулийн төслүүдийг дагалдуулж өргөн мэдүүлсэн дээрх хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл