Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.10.30-11.03/

 


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, НББСШУ-ны байнгын хорооны гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажиллаж, Эмнэлэг, сургалтын цогцолборыг ашиглалтад оруулахад улсын төсвөөс гаргах санхүүжилт болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллахаа  мэдэгдэв. 2017.10.30

 

 

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2017.10.31

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлэг 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар тав хоногийн завсарлага авав. 2017.10.31


 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголын нууц товчоон”-д дурдагдсан түүхийн дурсгалт газрууд, Монгол Их, бага хаадын төрсөн газруудыг тогтоон нэгдсэн ойлголтод хүрч гадаад улсад сурталчлах зорилгоор санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав. 2017.10.31


УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Санг Мокийг хүлээн авч уулзаж, талууд хоёр улсын нийгмийн халамжийн бодлогын чиглэлээр харилцан асуулт асууж, санал бодлоо солилцов. 2017.10.31


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. 2017.11.01


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ2017.11.01


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар 500 гаруй иргэдийн тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд ажиллав. 2017.11.01


 

УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахыг дэмжсэнгүй. 2017.11.02

 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл урлагийн салбарт эрчимжүүлэхэд хоёр тал санал нэгдэв. 2017.11.02


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан Ажлын хэсгийнхэн сэтгүүлчидтэй уулзаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийнхний үүрэг, оролцоо чухлыг тэмдэглэв. 2017.11.02

 

 

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2017.11.02


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 2017.11.02


  

УИХ-ын гишүүн О.Батнасан Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суугаа (Бээжингээс Монгол Улсыг хавсран хамаардаг) Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винкийг хүлээн авч уулзаж, талууд Бельги Улсын дэмжлэгтэйгээр Ховд аймагт хэрэгжүүлж болох төсөл, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. 2017.11.03


 

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж хэлэлцүүлэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөв. 2017.11.03


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар өргөн мэдүүлэв. 2017.11.03

  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хүүхдэд ээлтэй төсөв” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хүүхэд хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээнд 10.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулах санал гаргаж, саналыг дэмжихийг УИХ-ын гишүүдээсээ уриалав. 2017.11.03


УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв. 2017.11.03

  

Улсын Их Хурлын долоон Байнгын хороо Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 2017.11.03


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийг, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг нэр дэвшүүлэхийг дэмжив. 2017.11.03


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл