Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцээр, конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчилна


Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн талаарх төсөл хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Энэ хуулийн гол зорилго нь хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад оршино байгаа юм. Учир нь дэлхийн улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж байгаа хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1998 оны тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан.

Тиймээс хүний эрхийн хамгаалагч гэж хэн болох, хүний эрхийг хамгаалагчид халдсан халдлага, гомдлыг бүртгэх, баримтжуулах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хүний эрхийн хамгаалагчид халдсан зөрчлийг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.


Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байна. Харин манай улсын тухайд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймээс “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулан хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах эрх зүйн зохицуулалтыг энэ хуулиар бүрдүүлэх юм гэдгийг тэрбээр тодотголоо.

Хуулийн төслийг боловсруулахдаа Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссын зохих судалгаа болон Хүний эрхийн төлөө олон улсын  байгууллагаас  дэлхийн 40 гаруй улс орны хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал, ХЭҮК, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон талуудын илэрхийлсэн санал зэрэг холбогдох материалыг ашиглажээ.

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 4 бүлэг 15  зүйлтэй юм. Хуулийн төсөлд тусгаснаар үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулагдаж, гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх аж. Уг хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бий болгож байгаа юм гэдгийг хууль санаачлагч дурдав. 

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн  талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нар төсөл санаачлагч гишүүн болон Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Төсөл санаачлагч гишүүн Д.Цогтбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйг баталгаажуулах нь НҮБ-ын тогтоолоор тунхаглал баталж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг гишүүн орнуудад уриалсан асуудал учраас манай улс энэ чиглэлд дорвитой алхам хийх учиртай юм. Энэ үүднээс хуулийн төсөлд “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Түүнчлэн төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан гэлээ. Мөн төсвийн тухайд хүндрэлтэй байгаа ийм цаг үед аль болох бага зардал гаргах, бий болсон тогтолцоо, боломжоо аль болох ашиглах үүднээс 32 сая төгрөгийн санхүүжилт тусгасан байгаа гэдгийг тодотголоо.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Аюурсайхан, Ц.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд манай улсад хүний эрх ихээхэн зөрчигдөж, хүчирхийлэл газар авч байгаа ийм үед хүний эрхийг хамгаалагчийн эрхийг баталгаажуулахад чиглэсэн хууль батлах гэж байгаа нь чухал ач холбогдолтой эрх зүйн зохицуулалт болно гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Мөн зарим гишүүн төслийг хэлэлцүүлгийн шатанд дахин сайн нягталж ажлын хэсэг гарган нухацтай ярилцах, бусад хуультай уялдуулах, хүний эрхийн тогтолцоог өөрийн орны хөрсөнд хэрхэн оновчтой буулгах нь зохистойг анхаарах зэргийг санал болгов.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл"-д Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор тус тус заасны дагуу Эрдэнэсийн сангийн эрх зүйн зохицуулалтыг практик шаардлага болон бусад хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлттэй нийцүүлэх, эрдэнзсийн тодорхойлолтыг Монгол Улсын онцлог, дэлхий нийтийн жишигт тохируулан шинэчлэх, үүнтэй холбоотойгоор Эрдэнэсийн сангийн шилжилт хөдөлгөөний зарцуулалт, Монголбанкнаас эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Эрдзнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.


Монгол Улсын Эрдэнэсийн санд холбогдох харилцааг Эрдэнэсийн сангийн тухай хууль, Монголбанкны журмаар зохицуулдаг. Эрдэнэсийн сангийн тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хамгийн сүүлд 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өөрчлөлтөөр нэр томъёоны тодорхойлолт нэмж, гүйлгээний сангийн зориулалт, Улсын Их Хурлын бүрэн эрх, гадаад валютын улсын нөөц, Эрдэнэсийн сангийн бүртгэлтэй холбоотой өөрчлөлт оруулснаас өөр зарчмын томоохон шинэчлэл хийгдээгүй аж.

Хуулийн төсөл нь нийт 6 бүлэг, 18 зүйлтэй бөгөөд эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос зэрэгцээ гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгасан. Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Соёлын өвийн төв, сэтгүүлчид, олон нийттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь тусгахад анхаарч ажилласан гэдгээ төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нэмэгдэх, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа өргөжиж боловсронгуй болох, иргэд, хуулийн этгээд худалдах үнэт металлын олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт металлын эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болно гэж төсөлд санаачлагчид үзэж байгаа аж.

Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батжаргал, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Н.Алтанхуяг нар  төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд, байгууллага нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэг хүлээх, хувь хүн, хуулийн этгээд, байгууллага нь эрдэнэсийн санд худалдах болон хадгалуулах эрдэнэсийн үнийг хэлэлцэн тохирох, нэхэмжлэн авах эрхтэй байхаар тусгасан. Олон улсын туршлагаар алтны сорьц тогтоох үйл ажиллагааг тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага гүйцэтгэхээс гадна төв банк, тусгай зөвшөөрөлтэй хувийн хөрөнгө оруулалт бүхий бусад хуулийн этгээд эрхэлдэг. Тиймээс хуулийн төслийг дагалдаж өөрчлөлт орох Ашигт малтмалын тухай хуульд Монголбанкинд тушаах үнэт металлын сорьцыг сорьц тогтоох төрийн захиргааны байгууллагаас гадна тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, эсхүл Монголбанк тогтоож болох зохицуулалтыг тусгасан талаар төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа тодотгов. Гишүүдийн зарим асуултад нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд нэмэлт хариулт, тайлбар өгөв.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Хэлэлцээрүүд болон конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм. Харин уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.


Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран, өргөн хүрээнд хөгжиж байна. Хоёр улс цэргийн салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр өнгөрсөн онд БНСВУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын ажлын хэсгийн уулзалтууд зохион байгуулж, Батлан хамгаалах яамд хоорондын санамж бичгийг “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болгон түвшинг ахиулж байгуулахаар тохирчээ. Энэ үндсэн дээр гэрээний төслийг Вьетнамын талд 2019 оны 7 дугаар сард хүргүүлсэн бөгөөд тус улсын хууль тогтоомжийн дагуу аливаа улстай байгуулах батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээг Засгийн газрын түвшинд байгуулдаг тул БНСВУ-ын Батлан хамгаалах яам нь тус улсын парламент, холбогдох газруудаар хэлэлцүүлэн хэлэлцээр байгуулах зөвшөөрөл авчээ.

Хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломж бий болгох, салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад чиглэж байгааг хууль санаачлагч дурдаад уг хэлэлцээрийг соёрхон батлах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодпогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдзх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдав.

Дараа нь Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг конвенцын нэмэлт, өөрчлөлтиыг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулсан юм.


Манай улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-д 1996 онд гишүүнээр элсэж, тус байгууллагын “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенц”-д 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгдэн оржээ. Улмаар Филиппин Улсын нийслэл Манила хотноо 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон ОУДБ-ын Бага хурлаар далайчдыг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар гадаад далайд хүний амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахын зэрэгцээ хөлөг онгоцон дээр ажиллах далайчид зохих мэдлэгтэй, үүргээ гүйцэтгэх чадвартай байх шаардлагад нийцүүлэн далайчдыг зохих ёсны туршлага, мэдлэг, чадвар эзэмших, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор уг конвенцын нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон уг нэмэлт, өөрчлөлтийг ОУДБ-ын 164 гишүүн улс соёрхон батлаад байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Гишүүн орнууд нь дээрх конвенцод зааснаар гадаад далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн далайн орчныг бохирдлоос хамгаалах, хөлөг онгоцон дээр ажиллах далайчныг зохих мэргэжил, үүрэг гүйцэтгэх чадварын шаардлагыг хангуулахын тулд энэ конвенцыг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомж гаргах болон бусад арга хэмжээг авах үүрэг хүлээдэг байна. Манай улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн 30 орны 332 хөлөг онгоц одоогоор далайд аялж байгаа аж.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй  холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа,  Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Т.Аюурсайхан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж байр сууриа илэрхийлэв. Далайн захиргааны газар нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд 26 орон тоотой ажилладаг, улсаас санхүүжилт авдаггүй, жил бүр улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллаж байгаа. Одоогоор Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 гаруй улсын 352 хөлөг бүртгэлтэй аялж байгаа, гол төлөв Ази, Номхон далайн бүсийн орнуудад аялдаг. Хөлөг онгоцны бүртгэлээс жилд ойролцоогоор 1.5 сая орчим ам.долларын орлого олдог бөгөөд орлогын 40 хувийг Сингапур дахь хамтарсан компанийн, 20 хувийг Далайн захиргааны зардалд зарцуулдаг талаар ажлын хэсгээс хариулт өгөв.

Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг манай улс хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар Монгол Улсын далбаа мандуулж яваа хөлөг онгоцон дээр хүний буруутай үйлдлээс үүдэн хөлөг онгоцны үйл ажиллагаанд учруулж болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, шинээр ажилд орох далайчдад стандарт сургалтаар мэдлэг олгох, чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдэнэ аж.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Үргэлжлүүлэн Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харицлцааны сайд Н.Энхтайван танилцуулав.

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрмийг 1998 оны 7 дугаар сарын 18-нд Ром хотноо баталж, 2002 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Манай улс ОУЭШ-ийн Ромын дүрмийн үүсгэн байгуулагч улсын нэг бөгөөд дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 4 дүгээр сарын 5-нд соёрхон баталснаар тус байгууллагын гишүүн болжээ.

ОУЭШ-ийн Ромын дүрмийг баталж хүчин төгөлдөр болсны дараа НҮБ-аас уг байгууллагын дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Нью-Йорк хотод хэлэлцэн баталсан агаад хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар 78 улс соёрхон батлаад байгаа аж.

Хэлэлцээр нь нийт 39 зүйлтэй бөгөөд гол агуулга нь оролцогч улсуудын нутаг дэвсгэрт ОУЭШ-ээс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай дархан эрх болон эрх ямба олгох бөгөөд ОУЭШ-ийн Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасан дархан эрх болон эрх ямбыг илүү дэлгэрүүлэн тайлбарласны зэрэгцээ ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын хувьд оролцогч улсын хүлээх үүрэг, хариуцлага, маргаан гарах тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга зам, хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлт, хүчин төгөлдөр болох нөхцөл зэрэг заалтыг нарийвчлан тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.


ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар зөвшилцөж, мөн оны 2 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийг соёрхон баталснаар ОУЭШ, НҮБ-ын зүгээс тавьж буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 2 дахь илтгэлийг 2016 онд хэлэлцээд гаргасан зөвлөмжийн 108-д “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд үндэсний хууль тогтоомжийг бүрэн нийцүүлэх, ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг батлах" гэж заасан байна. Манай улс ОУЭШ-ийн дүрмийг соёрхон баталснаар тус шүүхийн дархан эрх болон эрх ямбыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэртээ эдлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг дүрмийн 48 дугаар зүйлд ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувийн саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх ба эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон баталлаа.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинэчилсэн найруулгаар зохицуулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2010 онд нийт 6 бүлэг, 29 зүйлтэйгээр баталж, хөрөнгийн үнэлгээний харилцааг зохицуулсан. Хууль хэрэгжээд 8 жил өнгөрсөн ч хуулийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үнэлгээний асуудлыг хөндсөн бусад хуулиудын хоорондын уялдааг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эсхүл зохицуулалт дутуугаас хэрэгжих боломжгүй олон заалтуудыг залруулах, хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хөрөнгийн үнэлгээний харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, бизнесийн орчин, олон улсын бизнесийн харилцаан дахь оролцоо эрс өөрчлөгдсөнийг хөрөнгийн үнэлгээний одоогийн хууль тогтоомж бүрэн зохицуулах боломжгүй байгаа тул эдийн засгийн хөгжил, бизнесийн орчин, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэх, өмнөх туршлагад тулгуурлан хуулийн төслийг нэг мөр, ойлгомжтой, хийдэлгүй, маргаан бага үүсдэг болгож шинэчлэх шаардлага тулгарсан байна.

Иймээс хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийг шинэчлэх, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлэх, хуулийн маргаантай заалтуудыг тодруулах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг хийдэл, давхардлыг арилгах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.


Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавих шалгуур, шаардлагыг тодорхой зааж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх; мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд шинэчлэн тогтоох зохицуулалтыг тусгажээ. Мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж, шийдвэрийг гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж ажиллуулах; хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, үнэлгээний олон улсын стандартын дагуу зарим тодорхойлолт, ойлголтыг шинэчлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, зохицуулалтыг боловсронгуй болгохоор шинэчлэн найруулсан гэдгийг хууль санаачлагч дурдав.

Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор ФАТФ-аас өгсөн зөвлөмжид хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэл өгсөн, төрийн өмчийн компаниудын газар, машин тэрэг гэх зэрэг өмчийг үнэлэх хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг хөрөнгөө үнэлүүлэгчийн эрх ашиг болон өмчийн эрхийг хамгаалах, хувь хүний хөрөнгийг шударгаар үнэлэх, хамгаалах тал дээр анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхпан уг хуулийн төсөл нь хөрөнгийн эргэлт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн зах зээлийг хамгаалсан, дэмжсэн төсөл болсон бөгөөд хөрөнгийн үнэлгээний харилцаанд оролцогч үйлчлүүлэгч, үнэлгээчин, хэрэглэгч талуудын эрх ашгийг тэнцүү хамгаалсан хууль байх ёстой, энэ чигээрээ батлагдвал эдийн засгийн олон салбарын эрх ашиг хөндөгдөх тул ажлын хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан, Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд энэ хууль нь хөрөнгийн үнэлгээний шударга бус тогтолцоог өөрчилсөн, өмчийн эзний эрх ашгийг хамгаалсан, өмчөө үнэн зөв үнэлүүлж чаддаг, бизнесийн орчныг хамгаалахад чиглэсэн хууль байгаасай гэж үзэж байна, иймээс ажил хэрэгч хандаж ажлын хэсэг гарган нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл