Салбарын сайдад тавьсан гишүүний асуулгын хариуг сонсов
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын Засгийн газраас цахилгаан, дулаан, ус, хогны төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэрийн шийдвэрий талаар” Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
Салбарын сайд мэдээлэлдээ, Монгол Улсын эрчим хүчний системийн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн оргил ачааллыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчим хүчний систем хэмжээнд ачаалал 5.5-10.9 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, Төвийн бүсийн эрчим хүчний системд оргил ачаалал 2019 оны 12 дугаар сарын ачаалалтай харьцуулахад дунджаар 3-7 хувийн өсөлттэй байсан бол Засгийн газрын шийдвэр гарсны дараах 3 хоногийн хугацаанд 15-21 хувиар өссөн, хэрэглээний өсөлт Улаанбаатар хотын орчимд эрс нэмэгдсэн бөгөөд гэр хорооллын хэрэглээ 14-58 хувиар өссөн байна. Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалал Засгийн газрын шийдвэр гарсны дараах 3 хоногийн хугацаанд 5.9-9.3, Дорнод бүсийн эрчим хүчний систмийн оргил ачаалал 5.5-6.0, Баруун бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2019 онтой харьцуулахад дунджаар 3.8 хувийн өсөлттэй байсан бол Засгийн газрын шийдвэр гарсны дараах 3 хоногийн хугацаанд 10.9-19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, хураамжийг 2021 оны 07 дугаар сапын 01-ний өдрийг хүртэл төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг боловсруулж, Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар тушаалаар баталсан.
Уг журмаар цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамжийн эх үүсвэр болон шугам сүлжээний техникийн хүчин чадлын боломжтой уялдуулан хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэрэглээг хянаж зохицуулах, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, импортлох, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчдийн хүлээх эрх, үүргийн зохицуулалтыг тодорхой болгосон. Мөн хэрэглээ, хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолд зааснаар нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цэвэр ашгаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ыг Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалаар баталж, хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамжийн хэрэглээний төлбөр тооцооны гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах, санхүүжүүлэх зохицуулалтыг тодорхойлсон гэдгийг салбарын сайд тодотголоо.
Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ын дөрөвдүгээр бүлэгт хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Энэ журмаар айл өрх болон зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийн өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцах ба өмнөх оны хэрэглээнээс хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар тооцож, хэрэглэгч өөрөө төлөхөөр зохицуулсан. Харин шинэ хэрэглэгчийн хувьд төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцох бөгөөд дундаж хэрэглээнээс илүү гарсан төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцна гэдгийг сайд хэллээ.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний 738 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 347 мянган хэрэглэгч байгаагаас цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд нийслэл хотод 25 мянган аж ахуйн нэгж, 381 мянган айл өрх, орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж, 297 мянган айл өрх буюу нийт 729 мянган хэрэглэгч хамрагдах ба тэдний төлбөрт урьдчилсан дүнгээр 477.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах ба улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын 248.3 тэрбум төгрөг, айл өрхийн 228.8 тэрбум төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцах тооцоо гаргасан байна.
Цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх 1 сарын хугацаанд хэрэглэгчид дундаж хэрэглээгээр төлбөрийн чөлөөлөлт эдлэх юм байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрх 35-75 мянган төгрөгийн цахилгааны; нийтийн орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамааран 80-160 мянган төгрөгийн цахилгаан болон дулааны; жижиг, дунд аж ахуйн нэгжүүд 1-5 сая төгрөгийн, томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны төрлөөс хамааран 50-200 сая төгрөгийн цахилгаан болон дулааны хөнгөлөлт эдлэхээр байгаа аж.
Харин цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх 7 сарын хугацаанд дундаж хэрэглээгээр тооцоход гэр хорооллын айл өрх 240-530 мянган төгрөгийн цахилгааны; нийтийн орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамааран 560 мянгаас 1.1 сая төгрөгийн цахилгаан болон дулааны; жижиг, дунд аж ахуйн нэгжүүд 7-30 сая төгрөгийн, томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны төрлөөс хамааран 500 саяас 1.4 тэрбум төгрөгийн цахилгаан болон дулааны хөнгөлөлт эдлэх тооцоо гарчээ.
Төвийн эрчим хүчний системд ОХУ-аас 2020 онд импортоор 316 сая кВт.ц цахилгаан эрчим хүч авах гэрээ байгуулсан бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэглээнд коронавируст цар тахал /КОВИД-19/-ын улмаас төлөвлөгдсөн хэмжээний өсөлт гараагүй, хэрэглээ буурсан тул дотоодын эрчим хүчний эх үүсвэрүүдээс хангах, импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах зарчмыг баримталж ажилласан тул импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээ хүлээгдэж буй гүйцэтгэлээр 200 сая кВт.ц буюу 36.5 хувийн хэмнэлттэй гарч буйг сайд онцлов.
Засгийн газрын гаргасан шийдвэрийн хүрээнд ямар нэг нэмэлт болон илүү төлбөр төлөхгүй бөгөөд зөвхөн импортолсон цахилгаан эрчим хүчний төлбөрийг гэрээний дагуу төлнө гэдгийг сайд нэмж тодотголоо.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд Эрчим хүчний сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн зарим зүйл, заалттай холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм.
Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 4 удаа сунгаад байгаа. Гэвч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, Засгийн газрын гишүүд, агентлагын дарга, Засаг дарга нарын ирүүлсэн саналыг үндэслэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Монгол Улсын Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 16 санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 52 нь буюу нийт гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийг нийт гишүүдийн 50 нь дэмжсэнээр эцэслэн батлав.
Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн хийсэн юм.
Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар оруулж эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.