Цэс

Холбоо барих

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив


    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.24) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар гишүүд төсөл санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар мэдээлэл авсан.

    Үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Х.Булгантуяа, Г.Ганболд, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан. Цар тахлын нөхцөлд эрх мэдэлтнүүдийн дунд авлига нэмэгдэх эрсдэл байгаа талаар олон улсын мэдээ мэдээлэл байгаа талаар Б.Пүрэвдорж гишүүн дурдаад, дотоодын импортын ачаа эргэлтэд ийм эрсдэл үүссэн эсэхийг тодруулж, Шадар сайдаас хариулт мэдээлэл авлаа. Ачаа эргэлтийн гол бүс болох Замын-Үүд дээр дотоодод халдвар тархсанаас үүдэн нөхцөл байдал амаргүй болсон бөгөөд хоёр талын тохироо хийх гэж манай талаас идэвхтэй ажиллаж байгаа гэв. Үүний үндсэн дээр эхний ээлжинд БНХАУ-ын талын шаардлагад нийцүүлэн 18 жолоочийг нэвтрүүлж өдөрт 25-30 машин хилээр нэвтэрч байсан. Энэ хугацаанд гол төлөв сайжруулсан түлшний барьцалдуулагч, эрүүл мэнд, хүнсний бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг нэвтрүүлэх чиглэл өгч байжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн 30, удалгүй 60, үүнийгээ нэмж 70 болгоод өнөөдрөөс 100 хүртэл машинаар ачаа эргэлт хийх боломж бүрдэж байгааг тайлбарлалаа. Хөрш талаас тавьсан шаардлагын дагуу 32 жолооч хилийн цаана 14 хоногийн хөл хорионд байж байгаад, хөдөлгөөнд оролцох эрх нь нээгдэж байгаа, ингэснээр 150 машин ачааг өдөрт татах боломж бүрдэнэ. Өвлийн улиралд дунджаар өдөрт 220 машин ачаа өдөртөө татдаг байсан гэв. Авлигын эрсдэлийн талаар шаардлагатай гэж үзвэл холбогдох газруудаар шалгалт оруулах боломж нээлттэй гэлээ.

    Т.Доржханд гишүүн хүүхдийн мөнгө олгох, цахилгаан дулааныг тэглэх хэлбэрээр иргэдийн амьжиргааг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлснийг дурдаад, цаашид ажлын байрыг хадгалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх эсэх, төсөлд энэ чиглэлээр тодорхой зохицуулалт туссан эсэхийг тодруулж, Я.Содбаатар сайдаас хариулт авав. Энэ удаагийн төслөөр хуулийн хэрэгжих хугацааг сунгах, салбар хоорондын уялдааг хангах болон нийслэл, аймгийн хэмжээнд зарим зохицуулалтыг хийх асуудлыг төсөлд тусгасан. Харин эдийн засгийн чиглэлээр, ажлын байрыг хамгаалахтай холбоотой асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн боловсруулсан төслүүдэд тусгасан гэдгийг тайлбарлалаа. Зах зээл рүү буюу банкууд бизнесүүд рүү мөнгө гарахгүй байгааг онцгой анхаарах шаардлага байгаа талаар хэд хэдэн гишүүн хэлж, Засгийн газар энэ чиглэлд ажиллах шаардлага байгаа талаар хэлж байсан. Мөн PCR шинжилгээний төхөөрөмжийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

    О.Цогтгэрэл гишүүний асуусны дагуу Сангийн сайд хариулахдаа Засгийн газар авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээгээ судалгаанд үндэслэн авч хэрэгжүүлж байгаа, үүний зэрэгцээ тооцоололд үндэслэн ашиг орлого нь буураагүй аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахгүй байхад анхаарч ажилласан гэв.

    Х.Булгантуяа гишүүн мэдээллийг нэг сувгаар гарах чиглэлд анхаарах шаардлагын талаар хэлэв. Улсын онцгой комисс үүнд анхаарал хандуулан ажиллаж байгаа, гишүүний саналыг хүлээн авч буйгаа илэрхийлсэн. Мөн Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.Дараа нь төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Н.Энхболд, Ш.Адьшаа, С.Чинзориг, Т.Доржханд, Ц.Туваан нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан. Хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Хуулиудыг баталлаа

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь буюу 76.5 хувь нь дэмжиж баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэнээр батлагдав.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 65.2 хувь дэмжиж, хууль батлагдсан юм. Хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд мөн батлагдлаа.


Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны  хоёрдугаар дугаар сарын 1-ний өдрийн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.


    Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төслийн 1 дүгээр зүйлийг “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулах, төслийн 2 дугаар зүйлийг “Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг” гэснийг хасах гэж өөрчлөн найруулах, хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжив.

Түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн хэлэлцэв. Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй тул хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.


    Хуулийн төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. 

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


   Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж үг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 67 гишүүний 76.1 хувь нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны  есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


    Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн гишүүд төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 42 буюу 62.7 хувийн саналаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 71.4 хувийн саналаар дэмжсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.


    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн пунктээр бууруулан тооцвол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоолгүй ажлын байраа хадгалан, энэ цаг үеийг эрсдэл багатай даван гарах талаас нь тооцож, асуудалд хандах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал үр дүнтэй, эсэх талаар тодорхой мэдээллийг сонсмоор байна, мөн цахилгаан, дулааны үнийг чөлөөлсөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад бодитой дэмжлэг болсонтой адил цаашид үр ашгийг нь сайтар тооцож, хэрэгжүүлэх боломжийг хангаж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ.

А.Ариунзаяа сайдын танилцуулга, Б.Жавхлан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, С.Амарсайхан, С.Ганбаатар нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авсан. Төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Амарсайхан, С.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Үргэлжлүүлэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


    Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан энэ долоо хоногт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус өргөн мэдүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл