Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаан 09 цаг 44 минутаас 61 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн “Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлах ёстой. 50 хоногийн хугацаа нь бидний тооцож буйгаар 12 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болно. Асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж зөвшилцөх шаардлага байгаа тул 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахтай холбоотой асуудлыг хойшлуулж өгнө үү” хэмээн горимын санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдэв. Төслийг нягтлан хэлэлцэх, тодорхой байгууллагуудаас санал авах шаардлага бий тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4-т “нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” хэмээн заасны дагуу тав хоногийн завсарлага авч байна гэлээ. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг Байнгын хорооны дарга хүлээн авч, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа
Эхлээд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр ажилладаг болохыг Л.Энх-Амгалан танилцуулав. Энэ чиг үүргийнхээ дагуу “Ажлын хэсэг байгуулах” Байнгын хорооны тогтоолыг боловсруулсныг онцолсон. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 23.2.14 дэх заалтыг үндэслэн Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар ажиллахаар, ажлын хэсгийн нарийн бичгээр Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Б.Хатантуул ажиллахаар төсөлд заажээ. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт тухай бүр шаардлагатай албан тушаалтныг дуудан оролцуулахаар тусгасан байна.
Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авав. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нөхцөл байдал тун хүнд байгааг Х.Нямбаатар гишүүн дурдаад, тус байгууллагын удирдлагыг салбарын онцлогийг мэддэг, телевизийн урлагийг ойлгодог, улс төрөөс ангид баг бүрэлдэхүүн байгуулах чиглэлд холбогдох хүмүүс анхаарч ажиллаарай хэмээн захив. Одоо мөрдөгдөж буй хууль, журмаар тодорхой байгууллагуудын төлөөлөл буюу Үндэсний 15 гишүүний 4-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал 7, Монгол Улсын Засгийн газар 4 хүнийг тус тус нэр дэвшүүлэх зохицуулалттай. Цаашдаа холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг хараат бусаар, нээлттэй сонгон шалгаруулдаг болох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлага болон Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд тодорхой шалгуур тавьдаг, уг асуудлыг томилгоо болон сонгон шалгаруулалтын үеэр хяналт тавьж ажилладаг байх шаардлагын талаар Ё.Баатарбилэг гишүүн байр сууриа илэрхийллээ. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, саналыг сонссон гэдгээ Байнгын хорооны дарга хэлэв. Тус байгууллагад үүсээд буй асуудлын гол нь цалин, урамшуулалтай холбоотой бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гарган, нөөц хөрөнгөөсөө 1 тэрбум орчим төгрөг гаргаж шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх юм бол бусад асуудал сонгон шалгаруулалтай холбоотойгоор шийдэгдэх боломж бий гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Тухайлбал, Yндэсний зөвлөл нь олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах, хуульд заасан журмын дагуу Ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвших материал хүлээн авах хугацаа үргэлжилж байгаа, шинэ удирдлагуудыг томилох үйл ажиллагааг шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөл гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг тус байгууллагын төлөөлөл илэрхийлсэн байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох хариулт, мэдээллийг авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлахыг дэмжлээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцууллаа.
Төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэгбүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Ингээд Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц саналууд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгээд байсан аж. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 08 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тав хоногийн, мөн сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гурав хоногийн завсарлага тус тус авсан байна. Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсантай холбогдуулан зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, сайжруулах нөхцөл шаардлага үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороонд төслүүдийг шилжүүлсэн юм. Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 22 саналын томъёолол, найруулгын шинжтэй 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээн үзэж нэмж, гүйцээн боловсруулсан байна. Бусад саналыг 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр шийдвэрлэсэн томъёоллоор өнөөдөр танилцуулж байгаа гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн 81 зүйл нэг бүрээр хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгээс гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 22 томъёолол болон найруулгын багц санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийг “Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 7 дугаар зүйлийг “7.1 Сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд үзүүлэх хуульд заасан үйлчилгээг зохион байгуулах үндсэн нэгж мөн” гэж өөрчлөх найруулахыг мөн гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн талаарх 18 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, Орон нутгийн чиг үүргийн талаарх төслийн 20 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн талаарх 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1, 42.1.2-ыг өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ингээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжлэв. Төслийн талаар Л.Энх-Амгалан дарга танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаасаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан.
Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох тогтоолыг баталсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.5-д “хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж, 82.2.7-д “энэ хуулийн 82.2.5-д заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хугацаанд орон нутгийн хуралд нэр дэвших хүсэлтэй иргэн тухайн орон нутагт байнгын оршин суугчаар бүртгүүлэх эрхийг хязгаарлаж хуульчилсан, хууль хоорондын зөрчлийг арилгахаар төслүүдийг боловсруулсан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс” болгон өөрчлөхөөр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн болон сонгуулийн эрх бүхий энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байхаар өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ээлжит, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байх заалтыг тус тус нэмэхээр төсөлд тусгасан болохыг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.