Цэс

Холбоо барих

ТБХ: Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос болон малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.25) хуралдаан 10 цаг 30 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.

    Эхлээд "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар болов. 


    Дараа нь Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн Гаалийн албан татвараас челөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна.

    Төслийн талаарх З.Мэндсайхан сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа, С.Одонтуяа, Ц.Анандбазар, С.Амарсайхан, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авлаа.

    Хуулийн төслүүдийн хүрээнд хамаарах бараа, бүтээгдэхүүний гааль, НӨАТ-аас нийт 39 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх тооцоотой байсан гэдгийг Сангийн сайд хариултынхаа үеэр хэлсэн юм. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын импортын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийг гааль, НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх эсэхийг С.Амарсайхан гишүүн тодруулж, хариулт авав. Энэ төрлийн татварын хөнгөлөлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал татварын хөнгөлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас татварын хөнгөлөлт үзүүлэх байгаа нь эцсийн хэрэглэгчид буюу иргэдийн гар дээр очихдоо үр нөлөөтэй байдаг эсэхэд анхаарах нь чухал гэдгийг гишүүд хэлж байв.


    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь гишүүдийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

    Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 12 гишүүний 9 нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


    Дараа нь Үндэсний аудитын газрын “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-г сонслоо. Тус аудитад улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ. Бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэсэн байна.

    Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; төрийн өмчит үйлдвэрийн газар; хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани; улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамаардаг юм. Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг, үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна.

    Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа гэв. Аудитад 6463-ыг нь хамруулжээ.




    Хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 54.5 хувьтай хэрэгжүүлсэн, баг, хороо, иргэдийн нийтийн хурлаас хяналтыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн арга зүйн зохицуулалтгүйгээс дотоод хяналтын үр нөлөө төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр, өөр өөр, жигд бус, зарим тохиолдолд хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэжээ.

    10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй, хуульд заасан мэдээллийг мэдээлээгүй нь санхүүжилт олгосон байгууллагаас хяналт тавих, хариуцлага хүлээлгэх зохицуулалтгүйтэй холбоотой гэв.

    Байгууллагуудын цахим хуудас дахь мэдээлэл байршуулах цэс нь зөрүүтэй үүсгэгдсэн зөрчилтэйгөөс үүдэн мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, ач холбогдолтой байх шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна гэж дүгнэсэн байна.

    Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээлэл байршуулах хандалтын системийг санхүү, төрийн сан, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны болон хуулийн үйлчлэлд хамрагдаж буй байгууллагуудын санхүүгийн болон дотооддоо хөтөлж буй программ хангамжтай холбох замаар мэдээлэл байршуулах үйл ажиллагааг албан тушаалтнаас хамааралгүй байдлаар зохион байгуулах шаардлагатай гэлээ.

    Иргэд олон нийт шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээллийн зөрчлийг засуулахаар шаардлага гаргадаг байдал өссөн байна. Энэ нь иргэний хяналт сайжирсан эерэг үзүүлэлт боловч нөгөө талаас иргэний зүгээс тавих хяналтыг Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцүүлж хэрэгжүүлэх, улмаар хэвшүүлэх шаардлагатай гэжээ.

    2019 оны байдлаар улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 91.5 хувьтай буюу өмнөх оноос 4.8 хувиар өссөн байна. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 87.9 хувьтай буюу өмнөх оноос 1.7 хувиар өссөн байна.

    Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайдад тус бүр 3 зөвлөмжийг өгсөн гэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 154 дүгээр захирамжаар байгуулсан Шилэн дансны тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх; Энэхүү  тайлангийн  хавсралт 2-т тусгасан  өмнөх  аудитуудаар  өгөгдсөн зөвлөмжийн дагуу холбогдох хууль, журмыг боловсронгуй болгох арга хэмжээ авах; төсвийн ерөнхийлөн захирагчдад холбогдох мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст хуульд заасан хугацаанд иж бүрэн мэдээлдэг байх чиглэл зөвлөмж хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн байна. Харин Сангийн сайдад, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/210 дугаар тушаалаар байгуулсан “Шилэн дансны  цахим  хуудсанд  тавих  мэдээллийн  агуулга,  нийтлэг  стандартыг тогтоох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах Дэд ажлын хэсэгт энэхүү тайлангийн 2 дугаар хавсралтад тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэл өгч, биелэлтийг хангуулах; шилэн дансны нэгдсэн цахим хуудаст  мэдээлэл  ил  тод  байршуулах  хуулийн  хугацааг  хянах  боломжтой байдлаар системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох; шилэн дансны нэгдсэн цахим хуудас дахь татан буугдсан, давхар цэс үүсгэгдсэнбайгууллагуудын нэгдсэн судалгааг гарган  холбогдох цэс дэх мэдээллийг тухай бүр шинэчилж ажиллах гэсэн 3 зөвлөмжийг хүргүүлжээ. Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай 8 арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ж.Батжаргал, Б.Жавхлан нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Аудитын тайлан, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах, хариуцлага тооцох асуудал хангалтгүй байгааг анхаарч, холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Өнөөдрийн танилцуулж буй тайланд шилэн данс хөтлөлтийн үйл явцад аудит хийсэн, харин тэнд дурдагдсан зөрчил, түүнийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэх зэргийн талаарх мэдээлэл байхгүй байгааг шүүмжиллээ. Цаашдаа шилэн дансанд жилд нэг удаа аудит хийх биш, өдөр тутам гүйцэтгэлийн аудит хийдэг нэгж байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Байнгын хорооны дарга хэлэв. Батлагдсан төсөв, орон тооныхоо хүрээнд зохион байгуулалтын энэ ажлыг яаралтай хийх нь зүйтэй гэлээ. Шаардлагатай бол энэхүү тайлантай холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргах бөгөөд холбогдох талууд төслийг хамтран боловсруулахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл