Улсын Их Хурлын Түр хорооны өнөөдрийн (2020.11.24) ээлжит хуралдаан 12 цаг 17 минутад “Их Хуралдай” танхимд гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон холбогдох яам, агентлагын албан тушаалтнууд биечлэн болон цахимаар оролцов.
Хуралдааны эхэнд Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я. Содбаатар мэдээлэл хийв.
Дэлхийн даяар хурдацтайгаар тархаж буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын бүртгэгдсэн тохиолдол 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар 59,513,167, нас барсан хүний тоо 1,401877-д хүрсэн. Гадаад улс орнуудын гамшгаас хамгаалах дэглэм тогтоосон байдлаас үзэхэд, 112 улс орон олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд хязгаарлалт, хөл хорио тогтоож, 62 улс орон дотоодын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон бол 102 улс орон хилээ хэсэгчлэн эсвэл бүрэн хаасан байна. Монгол Улсад 2020 оны 11-р сарын 11-ний өдөр дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдэж, дотооддоо илэрсэн халдварын тохиолдол ихссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас энэ оны 12-р сарын 1-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 672 /32/ бүртгэгдлээ. Үүнээс дотоодын халдвараар батлагдсан тохиолдол 235 болсон байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 323 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байна. Тохиолдлыг аймгуудаар хувааж үзвэл 235 тохиолдлын Улаанбаатар хотод 54, Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 7, Дорноговь аймагт 17, Говьсүмбэр аймагт 3 тус тус байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд 18 мянга гаруй иргэдийг PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулах ажлуудыг хийхийн зэрэгцээ Улаанбаатар болон тохиолдол батлагдсан 5 аймагт 112 мянган түргэвчилсэн шинжилгээ хийж байна. Үүнээс гадна 21 аймаг болон экспортын бүс нутаг болох Өмнөговь аймагт түргэвчилсэн болон PCR -ын тандалт шинжилгээ хийж байна. УОК-ийн Шуурхай штаб болон салбар дундын ажлын хэсгээс 2020 оны 11-р сарын 22-ны өдөр хийсэн 15 дугаар эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл “өндөр” гэсэн дүгнэлт гарсан гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан.
Мөн тэрбээр Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын чиглэлээр КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний А, Б, В төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдаар батлуулан хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал хүндэрч, хохирлын цар хүрээгээр нь тооцож, хариу арга хэмжээ авах салбар дундын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 111 цэг дээр сорьц авч үүнээс 18 цэгийг тусгайлан гаргасан. Сэлэнгэ аймгийн хувьд Онгой комиссын комиссын дарга Батлан хамаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус аймагт гурван газар илэрсэн. Төмөр замаа дагаж, Мандал суманд илэрсэн тул тандалт судалгааг хийж байна. Аймгийн төв, Алтанбулаг боомт дахь хүн амыг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж нийт иргэдийн 80 хувийг хамруулаад байна. Алтанбулагийн боомтыг нэгдүгээр сарын 18-н хүртэл хаасан. Сүхбаатар боомт ажиллаж байгаа хэдий ч төмөр зам дагасан тохиолдол бүртгэгдсэн тул төмөр замын нийт бие бүрэлдэхүүн болох 15672 хүнийг шинжилгээнд бүрэн хамруулсны зэрэгцээ нэмэлтээр PCR шинжилгээний лабораторийг хүргүүлэн суурилуулсан. Дархан-Уул аймагт коронавирус 20 хүний тохиолдол бүртгэгдсэн учир хатуу тэг зогсолт хийж, 21370 хүнийг шинжилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна. Өчигдрөөс тус аймгийн 28,300 өрхөд “Нэг өрхөөс нэг шинжилгээ” аргачлалыг хэрэгжүүлж, нийт өрхийг шинжилгээнд хамруулахаар аймгийн онцгой комисс ажиллаж байна. Орхон аймгийн тухайд төмөр замаа дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Шуурхай бүлэг Орхон аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартын тархалтыг багасгах, таслан зогсоох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Орхон аймагт бидний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХК-д гол анхаарлаа тавьж, тус үйлдвэрийн 6,600 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, халдварын тохиолдол илрээгүй хэдий ч өндөржүүлсэн онцгой горимоор ажиллуулж байна. Мөн Дорноговь аймагт 1 шинэ тохиолдол бүртгэгдсэн тул ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан Шуурхай бүлэг энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Дорноговь аймагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах удирдлага, арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Тус аймаг дээр PCR лабораторийг суурилуулж, Замын-Үүд дээр PCR лабораторийг нэмж суурилуулан өдөрт 50 жолооч гарган 150 машин нэвтрүүлэх байдлаар өчигдрөөс хөдөлгөөнийг эхлүүлсэн. Өмнөговь аймагт тохиолдол илрээгүй ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдлаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Тус аймагт экспортын чиглэлтэй уул уурхайнууд байгаа учраас онцгой дэглэм тогтоож, харуул хамгаалалтыг сайжруулж, тусгайлан Гашуунсухайт, Нарийнсухайтын боомтод дотоодын цэрэг болон цагдаагийн 50 хүний бие бүрэлдэхүүнийг ажиллуулж байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, өнөөдөр PCR шинжилгээний лабораторийг суурилууллаа гэж байлаа.
Түүнчлэн хөл хорионы улмаас махны худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцийн мах 11 сарын 14-22-ны өдрийн хооронд 9 хоногт 494.8 тонн худалдаалсан. 11-р сарын 23-ны өдрөөс махны нийлүүлэлт тогтвортой гэж үзэн нөөцийн махны худалдааг зогсоогоод байна. Мөн Дархан-Уул Сэлэнгэ аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тул тэнд нөөцөд байгаа махнаас 360 тонн, махыг нөөцөөс гаргасан. 11 сард олгогдох нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг нийт 556 мянган хүнд 38,6 тэрбум төгрөг олгосон. 11 сарын хүүхдийн 100,000 төгрөгийг банкаар дамжуулан 1,2 сая хүүхдэд 119 тэрбум төгрөг олгоод байна. Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хүлээн авах 60 мянган иргэнийг дансжуулж, 20 мянган иргэний банкны картыг хэвлэж хүргүүлэх ажлыг зохион байгуулалтыг бүрэн хангасныг Улсын онцгой байдлын дарга мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдийн судалгааг нийслэлийн дүүрэгүүдтэй хамтран гаргаж Улаанбаатар хотод МУЗН-тэй хамтран 4,000 өрх, “АПУ” компанитай 4,000 өрх, хөдөө орон нутгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрууд тухайн аймгийнхаа Засаг даргын тамгын газар, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 3,397 өрхөд тус тус хүнсний дэмжлэг үзүүлснийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.
Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ авч байна. Монгол Улсын Засгийн газар хуралдаж 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 18 хүртэл танхимын сургалт явуулахгүй бөгөөд сурагчид 12 дугаар сарын 18 -аас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна. Их, дээд сургууль мөн адил танхимын сургалт байхгүй, онлайн сургалтыг үргэлжлүүлнэ. Ерөнхий боловсрлолын сургуультай адил хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд амарна гэдгийг Шадар сайд тодотгохын зэрэгцээ 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 25 дотуур байранд 209 хүүхэд, үүнээс ерөнхий боловсролын тусгай сургуулийн дотуур байранд 41 хүүхэд үлдсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын судалгааг нэгтгэн гаргасан. Судалгаагаар хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй нийт 44,282 хүүхэд байна. Үүнээс цэцэрлэгийн 18,646, ерөнхий боловсролын сургуулийн 25,636 хүүхэд байна. Нийт эрсдэлд өртөж болзошгүй хүүхдийн 12,852 нь нийслэлд, 31,430 нь орон нутагт байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх хэсэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд хамаарах хагас болон бүтэн өнчин, өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүлд харьяалагдаж байна гэж байлаа.
Мөн 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 88 их, дээд сургууль, коллежид 147,293 оюутан, суралцагч суралцаж байна. Их, дээд сургуулийн нийт 71 оюутны дотуур байранд 11,359 оюутан амьдран суралцаж байна. Үүнээс нийслэлд 56 дотуур байр, орон нутагт 15 дотуур байр байна. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар түрээсийн байранд амьдарч байгаа нийт 18687 оюутан байна. Үүнээс Улаанбаатар хотод 17,425 орон нутагт 1262 оюутан байр түрээслэн амьдарч байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, мөн их, дээд сургуулиудын хичээл онлайн хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан дотуур байр болон түрээсийн байранд амьдарч буй оюутнуудын хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэж байна гэв.
Хилийн боомтын тухайд “Цагааннуур”, “Боршоо” авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хаасан байсан. “Боршоо” авто замын боомтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаана. Харин “Цагааннуур” боомтыг өчигдрөөс эхлэн нээсэн. “Эрээнцав” төмөр замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зогсоогоод байна. Хилийн “Тэс”, “Арц суурь”, “Ханх”, “Ульхан”, “Эрээн цав” авто замын боомтуудын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс түр хаасан байгаа. Харин хилийн “Булган”, “Шивээхүрэн”, “Гашуунсухайт”, “Ханги”, “Бичигт”, “Баянхошуу” авто замын боомтууда хэвийн ажиллаж байна Я.Содбаатар сайд мэдээлэлдээ дурдсан.
Түүнчлэн тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхитэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /COVAX Facility/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг COVAX Facility механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь, худалдан авах вакцин гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байна.Үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх боломжтой гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 102 дугаар захирамжаар Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардагдах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн дархлаажуулах бэлдмэл буюу вакциныг худалдан авах, Монгол Улсад импортлох асуудлыг судалж, санал боловсруулах, энэ чиглэлээр яриа хэлэлцээ хийх зэрэг зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа гэж байлаа.
Орон нутгийн иргэдийг буцаах асуудлыг Ажлын хэсэг дээр ярилцаж, энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программыг ажиллуулж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийслэлд түр хугацаагаар байгаа хөдөө орон нутгийн 24 мянга, орон нутагт байгаа нийслэлийн 11 мянган иргэнийг буцаах шаардлагатай гэсэн албан мэдээлэл бий. Гэхдээ энэ тоо бодит байдал дээр нэмэгдэнэ гэдгийг Шадар сайд хариултдаа онцлоод тэдгээр иргэдийг гэрийн хаяг, байршлыг нь бүртгэлжүүлж, түргэвчилсэн болон нэмэлтээр PCR шинжилгээ авсны дараа нутагт нь буцаана гэдгийг тодотгов. Мөн тэрбээр КОВАКС /COVAX Facility/ нь механизмын хүрээнд нийт хүн амын 20-60 хүртлэх хувийг вакцинжуулах, үлдсэн хувийг нь төр засгийн хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй шууд харилцаж худалдан авах ажиллагааг зохицуулна гэдгийг онцолсон.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариултдаа, PCR аппаратыг аймгуудад үе шаттайгаар суурилуулж байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Сэлэнгэ аймагт PCR аппаратаас хоёрыг суурилуулсан бол Замын-Үүд суманд нэмж нэгийг суурилуулах зэргээр ирэх долоо хоногоос хилийн боомтуудын хүчин чадлыг нь нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь 21 аймагт PCR аппаратыг бүрэн суурилуулж, цаашдаа шаардлагатай тохиолдолд хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэв.
Үргэлжлүүлэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар танилцуулсан. Тэрбээр, Монголбанк энэ хүрээнд 5 чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдаад 2020 оны 11 дүгээр сарын 12-21-ний өдрийн хооронд цахим тооцооны гүйлгээ бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэгэн хүндрэл үүсээгүй, төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүйг тодотгохын зэрэгцээ халамжийн мөнгө олгох асуудлыг арилжааны банкуудтай хамтран ажиллаж, хүндрэлгүй шийдсэн гэж байлаа. Мөн Мөнгөний бодлогын хороо 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 8-аас 6 хувь болгон бууруулж, цаашлаад төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан. Эдгээр шийдвэр гарснаар банкуудад олгох санхүүжилтийн хүүг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, эдийн засгийн уналтыг хязгаарлах, сэргээх төдийгүй заавал байлгах нөөцийн бууралтаар нийтдээ 401 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөж зах зээлд нийлүүлэгдэхэд бэлэн болно. Мөнгөний бодлогын хорооноос төв банкнаас хүлээн зөвшөөрсөн активыг барьцаалж, урт хугацаат дахин санхүүжүүлэх хэрэгсэл буюу репо хэлцэл хийх, хэрэглээний зээлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж дэмжигдсэн гэдгийг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцолж байсан.
Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газар, банкуудтай нягт хамтран ажилласны үр дүнд ипотекийн хөнгөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэр гарч, энэ хүрээнд 310 тэрбум төгрөг хойшлуулна гэсэн тооцоо гаргасныг тодотгосон. Мөн бизнесийн болон хэрэглээний эээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах боломжийг олгосон, хугацааг сунгахаар шийдвэрлэсэн гэж байлаа.
Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Цар тахлын үед зохицуулалтын салбарын санхүүгийн зах зээл дээр хийж, хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар мэдээлэл хийсэн.
Тэрбээр мэдээлэлдээ, УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тоот тогтоол батлагдаж, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /XЗХ/-ны зээлийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дарамт үүсгэхгүй, төлбөрийн чадварт нь нийцсэн байдлаар зээлийн төлбөрийг сунгах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хорооны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 495 ББСБ руу тогтоол гарсантай холбогдуулан зээлийг 2020 оны 07 дугаар сарын 01 хүртэл зээлийг хойшлуулах, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж ажиллахыг чиглэл болгосон. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах орооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги, анз зэргийг бодохгүй, одоогийн байдлаар цахим хэлбэрээр, утсаар холбогдож зээлийн гэрээг сунгах хүсэлтийг авч байгаагаа тус тус мэдэгдсэн. Нийт хөрөнгийн хэмжээгээр эхний 20-д орох Хадгаламж зээлийн хоршоотой холбогдож, дээрх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн. Эдгээр 20-н Хадгаламж зээлийн хоршоо нь салбарын нийт зээлийн 81 хувийг эзэлж, зээлдэгч гишүүдийн 59 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 7 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Хадгаламж зээлийн хоршоо тус бүрийн гишүүнчлэлийн хүрээ, байршил, эрхэлдэг үйл ажиллагаанаас хамааран нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч нийт Хадгаламж зээлийн хоршоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д оруулсан өөрчлөлтийг мөрдөн ажиллаж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулахаар гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө хүргүүлж байсан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг авахгүй байгаа болно гэж байлаа.
Монголын хөрөнгийн биржийн арилжаа цахим горимоор хэвийн явагдаж байна. Тухайлбал, Үнэт цаасны хадгаламжийн байгууллага, Клирингийн төв зэрэг дэд бүтциин гол байгууллагууд үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, өмчлөх эрхийн бүртгэлийг бүхэлдээ онлайн горимоор хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд хатуу хөл хорионы энэ үед хөрөнгийн зах эээлийн арилжааны хэмжээ багассан ч 2020 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрийн хооронд нийтдээ 11,142,320 /680 гаруй сая төгрөгийн/ ширхэг үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. Даатгалын компаниуд цар тахлын үед цахим горимоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, даатгалын бүх комлани утсаар болон фейсбүүк мессенжер буюу чатбот ашиглан, 5 даатгалын компани дээрх төрлөөс гадна цахим болон гар утасны аппликейшн ашиглан зөвлөгөө өгөх, даатгалын тохиолдлын талаар мэдээлэл болон нөхөн төлбөрийн баримт материалыг хүлээн авах зэргээр даатгалын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрүүдэд ердийн даатгалын компанийн хувьд нийтдээ 1554 даатгалын тохиолдол бүртгэж, 632 тохиолдолын 231.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бол одоогоор 922 даатгалын тохиолдлыг шийдвэрлэгдээгүй байна. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Д.Баярсайхан дарга мэдээлэлдээ дурдсан.
Мөн мэдээлэлд УИХ-ын 2020 оны "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай" 32 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу "НОСК ХХК-иар дамжуулан хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хөтөлбөрийн санхүүжилтийн схемийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуультай нийцүүлэн гаргахад арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, холбогдох зөвшөөрлийг олгоод байна. Энэ хүрээнд эхний ээлжийн 420 иргэдийн түрээсийн гэрээгээр баталгаажсан 34.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэн, санхүүгийн хэрэгсэл болгоод байна. Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд зээлийн ангиллыг бүртгэх хугацааны үзүүлэлтүүдийг суллаж өгсөн. Энэ хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 гаруй ББСБ-аас үйл ажиллагаа нь тасалдаж хүндрэл үүссэн 103.9 мянган зээлдэгчийн 250.4 тэрбум төгрөгийн эээлийн гэрээнд өөрчлөлт оруулж үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан. "Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д 2 удаа өөрчлөлт оруулсны үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үйл ажиллагаа тасалдаж хүндрэл үүссэн 3,245 зээлдэгчийн 7.2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан байна. УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Зээлийн батлан даалтын сангийн зохицуулалтын журамд зохицуулалтын өөрчлөлтүүдийг оруулснаар нийт 39 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 6.7 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан гэж дурдсан байв.
Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолд цар тахлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын хандивлагч байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтын явц, үр дүнг Улсын Их Хурал /Түр хороо/-д сар тутам тогтмол тайлагнах, гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөд тулгуурласан нэн хөнгөлөлттэй, уян хатан зээл, тусламжийн шинэ эх үүсвэр бий болгох, уг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгахаар тусгасан байв. Мөн иргэд, аж ахуйн нэгжийн банк, банкнаас бусад санхүүгийн байгууллага дахь зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах болон хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай" 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, түлш, шатахуун, мах гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, үнэ хөөрөгдөхгүй байхад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулах, нөөц бүрдүүлэх, хэрхэн хангах талаар цаашид авах арга хэмжээний саналаа УИХ-д танилцуулах, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сүлжээнд эмх замбараагүй байдалд бусдыг уриалсан, турхирсан мэдээлэлд тавих хяналтыг сайжруулах, хөдөө орон нутгаас түр хугацаагаар ирсэн иргэд болон оюутнуудыг шинжилгээнд хамруулан гэрт нь буцаах арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулах, коронавируст халдвар /Ковид-19/-ын вакцин гарсан тохиолдолд эхний ээлжинд худалдан авах талаар олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх талаар саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д хуулийн үйлчлэл дуусахаас өмнө танилцуулах талаар тус тус тусгасан байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналаар санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, найруулгын засч сайжруулан Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Энэ талаар Түр хорооны дарга Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.