Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад эхэлж, “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг cap тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Түр хороо 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийн 1 дэх заалтын 6, 8 дахь дэд заалтуудыг хасах, 2021 оны төсөвт тодотгол хийж иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих сан байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цар тахлын үед эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гаргаж вакцины асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж эрсдэлийн сан байгуулах, аймаг, сумдын засаг дарга нарыг яаралтай томилж, эзэнтэй болгох, орон нутгийн иргэд, эрсдэлийн голомтод ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаа вакцинжуулах, шинжилгээнд хамруулах, PCR шинжилгээний төвүүдийг бүсчлэн байгуулах, ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах асуудлыг судлах, санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төсөлд иргэдийг соён гэгээрүүлэхтэй холбоотой бусдын эрхийг хүндэтгэх, хувийн ариун цэврээ сахих, хариуцлагатай байх гэсэн үүрэгжүүлсэн, хугацаа заасан, тодорхой заалт оруулах, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийн 1 дэх хэсгийн 6 дахь дэд заалтыг КОВИД-ын хуулийн хэрэгжилтийг хангах, хувь хүний нууцыг хамгаалахад анхаарч, хүний эрх, эрх чөлөөг хангах гэсэн агуулгыг тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл халаад, маскны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бүх аймаг, хилийн боомтуудыг ПиСиАр (PCR)-H оношлуур алпаратаар хангах, орон нутгийн сонгуулиар сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, 330 сумын Засаг дарга нарыг яаралтай батламжлах гэсэн саналуудыг тус тус гаргасан.
Түр хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж гишүүдийн олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй нэгтгэн бэлтгээд буйг Л.Энх-Амгалан гишүүн санал, дүгнэлтийн төгсгөлд танилцуулав.
Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн асуулт асууж, Л.Энх-Амгалан гишүүнээс хариулт авав. Энэ хуулинд Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх, Засгийн газар, Улсын онцгой комисс, төрийн байгууллага, бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тус бүрд нь тусгасан гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх агуулга бүхий арга хэмжээний талаар тогтоолын төсөлд тусгах санал гаргаж байлаа. Улсын Их Хурал хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд буюу хууль тогтоомж батлах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийнхээ хязгаарт тогтоол гаргах боломжтой гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн тайлбарлалаа. Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлэв. Тогтоолын төсөлд эдийн засгийн агуулгатай ямар ч зохицуулалт байхгүй байгааг шүүмжилсэн. Түүнчлэн хөл хорионы хугацаатай холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохион байгуулах талаарх зохицуулалт тусгаж болох байсныг Х.Булгантуяа гишүүн хэлсэн. Цар тахлыг зөвхөн халдварт өвчин гэдэг утгаар нь харж эрх бүхий байгууллагууд арга хэмжээ авахаас гадна үүнээс нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харгалзах, тооцож шийдвэрүүдийг ул суурьтай, тооцоотой, шуурхай гарган, арга хэмжээ авах шаардлагын талаар Ж.Чинбүрэн гишүүн хэлж байв. Тогтоолын төсөл дэх заалтууд ерөнхийлсөн агуулгатай байгааг Т.Доржханд гишүүн хэлж байв. Аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, 9 хувийн хүүтэй зээл олгох зорилгоор банкны салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний агуулга өөрчлөгдөж банкууд дахь чанаргүй зээлийг чанартай зээл болгон банкуудаа дэмжих хөтөлбөр болчих төлөвтэй болсныг хэлээд энэ мэт арга хэмжээг зохих ёсоор нь хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байх шаардлагатай гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, П.Анужин, Г.Тэмүүлэн нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 39 нь 68.4 хувийн саналаар дэмжин “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Ганболд гишүүн танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...’ гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэнийг Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хүлээн зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82.2.7 дахь заалтад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шижилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэн дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгуүлэх боломжгуй байхаар хуульчилсан хууль хоорондын зөрчлийг арилгаж хуулийн төслүүдэд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг 02 дугаар сарын 15-ны өдрөөс болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчеөр сонгогдох эрхтэй байхаар өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугмаар бүртгуүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байх заалт нэмэхээр тусгажээ.
Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Батсуурь нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2 дугаар зүйлд заасан байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг нарийвчлах, холбогдох хуульд байнга оршин суугч гэж хэнийг ойлгох талаар тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хүн амын орлогын албан татвар төлснийг үндэслэж тухайн засаг захиргааны нэгжид байнга амьдардаг гэдгийг тодорхойлох нь оновчтой талаар тус тус саналаа илэрхийлсэн байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулсан. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжсэн юм. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн УИХ-03/5136 тоот албан бичгээр Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг оруулахыг дэмжиж, “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 60 гишүүний 65 хувь нь дэмжсэнээр “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ долоо хоногт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа. Энэ долоо хоногт Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.