Цэс

Холбоо барих

Хууль тогтоомжийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, ирцэд бүртгүүлэн нэгдсэн хуралдаанд оролцсон бол зарим гишүүн байгаа газраасаа хуралдаанд цахимаар оролцлоо.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэлж, дэлхийн 180 гаруй улс жил бүрийн энэ өдрүүдэд жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлдэг, манай улс энэхүү аянд нэгдээд 22 дахь жилдээ Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байгааг дурдаад хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолж, хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэхийг Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ уриалав. Хүний эрх, хөгжлийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг People in Need олон улсын байгууллагаас олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд зохион байгуулж буй хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд Улсын Их Хурлын гишүүд нэгдэж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд цагаан тууз зүүж оролцсон юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. 

Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.1-д "Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-д тусгана” гэж, мөн зүйлийн 7.2-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.


Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, түүнчлэн Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын саналыг авч нэгтгэжээ.

Улсын Их Хурал 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь; 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь; 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь; 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь батлагдсан бол 2020 он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль тусгагдсанаас 96 нь батлагджээ.

Харин “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 34, 2021 онд 82, 2022 онд 21, 2023 онд 12, Улсын Их Хурлын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.


Мөн Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Х.Баделхан,  С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Ж.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог зохицуулалт бий болгоно

Дараа нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуульд Үндэсний статистикийн хороо дэд даргатай байх ба дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тусгажээ. Харин Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатар, Ц.Сэргэлэн, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, С.Амарсайхан нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргад тодорхой чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэтэл дэд дарга нь ямар чиг үүрэгтэй ажиллахыг нарийвчлан зааж өгөөгүй. Тэгээд ч Авлигатай тэмцэх газар нь хамтын удирдлагын байгууллага биш. Тиймээс хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд дарга нь эрх, үүргээ хэрэгжүүлж ажилладаг, төрийн тусгай албан хаагч болох дэд даргаа өөрөө томилж тодорхой чиг үүрэг хариуцуулдаг байх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Т.Доржханд нарын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Төмөр замын тээврийг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.


Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төмөр замын тээврийн тухай хууль 2007 онд 8 бүлэг, 34 зүйлтэйгээр батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд уг хуульд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Улмаар Хууль тогтоомжийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Зөрчлийн тухай, Захиргааны ерөнхий хууль тус тус шинэчлэн батлагдсантай холбогдуулан төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын зэрэгцээ төмөр замын тээврийн салбарт хуулийн зохицуулалт шаардсан, тулгамдаж буй олон асуудал үүсчээ. Тухайлбал, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тээврийн сүлжээг өргөжүүлэх, үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээ болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтмол хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийн зохицуулалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч өмчийн олон хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгах, бизнесийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй  шаардлага тулгараад байгаа учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, Латви, Молдав, Беларус, Эстон, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг судалж, боловсруулсан. Хуулийн гол зорилт нь төмөр замын тээврийн дэд бүтцийг шинээр барих, сайжруулах, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хуулийн төсөлд төмөр замын тээврийн сүлжээ, төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, зураг төсөл, дэд бүтэц, зурвас газар болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах; төмөр замаар хийх зорчигч, тээш, ачаан тээш, ачаа болон тусгай тээвэрлэлт; төмөр замын тээвэр дэх тохирлын үнэлгээ; төмөр замын  өртөө, зорчигч үйлчилгээний цогцолбор, ачаа ачих, буулгах зам, талбай, салбар зам ашиглалт, төмөр замын дэд бүтцийг хаах, нээх, төмөр замын дэд бүтцийн бүрдлийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, дэд бүтцийг авто замын байгууламжтай уялдуулах; галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалт болон төмөр замын тээврийн аюулгүй байдал; төмөр замын тээврийн байгууллага, ажилтны талаарх зохицуулалт (төмөр замын тээврийн тариф, даатгал, ажилтны хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн сахилга) зэрэг эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тусгаад байгааг салбарын сайд онцлов.


Хууль батлагдсанаар төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалт болон тэдгээрийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалт боловсронгуй болж, инновацийг нэвтрүүлснээр салбарын бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагаа шинэ шатанд хүрэх эрх зүйн орчин бүрдэнэ. Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ажил, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн эрх зүйн тогтолцоог хуульчилснаар төмөр замын тээврийн аюулгүй байдал, төр, иргэн, хуулийн этгээдийн хариуцлага дээшилж, олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж, нөхцөл сайжирна.

Түүнчлэн ачаа болон зорчигч тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдпаар зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага сайжирч, тэдний тэгш оролцоог хангаж, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Улмаар төмөр замын байгууллага тээврийн бодит өртөгт үндэслэсэн, ашгийн зохих түвшинг хангасан үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлж, нийгмийн хариуцлага, ил тод байдал, тээврийн тогтвортой байдлыг хангах, өрсөлдөөнийг дэмжих, нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхээс гадна ажилтны ажил, амралтын дэглэм, хөдөлмөрийн сахилга, дэг журам, сургалт, нийгмийн баталгааны эрх зүйн орчин сайжирна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж үг хэлсэн гишүүд энэ хууль нь зөвхөн төмөр замын процессын чанартай биш төмөр замд хөгжил авчирах, өрсөлдөөн бий болгох, “Улаанбаатар” төмөр замыг зах зээлийн жамаар, компанийн зарчмаар ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс орны хөгжилд төмөр замын тээвэр гол үүрэг гүйцэтгэхэд чиглэх шаардлагатайг онцолж байв. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл