Цэс

Холбоо барих

НББСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ, Засгийн газрын зарим гишүүд Налайх дүүрэгт ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2017.11.15) нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд, УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар эхлээд Монгол-Германы  хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.  


Сургуулийн захирал   Н.Дорждэрэм “Германы инженер, техникийн боловсролыг онол, дадлага хослуулан зааж чадварлаг монгол инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулах  манай сургууль Монголын хамгийн залуу, хамгийн орчин үеийн сургууль. Ирэх онд анхны төгсөгчдөө ажил олгогчдод хүлээлгэж өгнө. Оюутнууд маань “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Вагнер Ази” зэрэг томоохон компаниудад дадлага хийж, тэдгээр компаниудын зүгээс дадлагын хугацааг сунгаж ажиллуулах хүсэлт тавих зэргээр манай оюутнуудын чадварыг үнэлж эхэлсэн” хэмээн танилцуулгадаа дурьдлаа

Урсгал зардал нь улсын төсвөөс санхүүждэг, төрийн өмчийн сургууль бөгөөд сургуулийг байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар 2011 онд тохиролцсоны дагуу 2013 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулжээ.


2014 оны есдүгээр сараас бакалаврын хөтөлбөрөө эхлүүлсэн байна.  Салбар бүрт өндөр чадвартай инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэн нийлүүлэх тус сургуулийг үйл ажиллагаагаа явуулахад Герман улсын Засгийн газар бүх талаар тусламж, дэмжлэгийг үзүүлдэг бөгөөд англи, герман хэл дээр хичээлээ заадаг байна. Багш нарын тал хувь нь Герман улсаас иржээ.


Сургуулийн хотхоныг цаашид кампус болгож өргөтгөхөөр зорьж,  үүнд шаардлагатай 9.2 сая еврогоос 7 саяыг нь Германы талаас гаргахаар болсон байна. Үлдсэн 2.2 сая еврог Монголын Засгийн газраас хүсч буйгаа сургуулийн удирдлага танилцууллаа. Мөн Монголын талаас улс төрийн бодлогын дэмжлэг маш чухал байгаа хэмээв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд сургуулийн удирдлагуудаас асуулт асууж, хариулт авсныхаа дараа хэлсэн үгэндээ 21 дүгээр зууны Монгол Улсад уул уурхай, технологийн салбарын хөгжил чухал нөлөө үзүүлнэ. Цаашдаа энэ хотхонд манай улсын инженерчлэлийн салбар ч төвлөрөх бүрэн боломжтой. Үүнд зорино. Тиймээс Уул уурхайн салбарын инженер, техникийн өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх төрийн бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан, боломж бүрийг ашиглаарай хэмээн захиад УИХ, Засгийн газрын түвшинд шаардлагатай санхүүжилтийг шийдэх зэргээр бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

 Мөн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт сургуулийн кампус барих газрыг шаардлагатай хэмжээгээр шийдэх чиглэл өгч, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах, чанартай боловсон хүчин бэлтгэхэд бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлж байгаа Герман Улсын холбогдох хүмүүст талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч М.Фернау хэлсэн үгэндээ “Үлгэр жишээ төсөл болж байгаа гэж бид энэхүү төслийг дэмждэг.  Элчин сайдын яамны ажилтны хувьд энэ сургуулийг чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байгааг үнэлж байна” хэмээлээ.


Сургуулийн оюутнуудын төлөөлөл мөн сургуулийнхаа талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.Тэд "Манай сургууль англи, герман хэлээр хичээлээ заадаг учраас дадлага хийхэд хэлний бэрхшээл гараагүй, олон улсын түвшний хүмүүстэй ойлголцож ажиллаж чадаж байсан" хэмээн ярилаа.

Энэхүү чөлөөт уулзалт, ярилцлагын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд энэ чухал төслийг Монголд оруулж ирэхэд тэргүүн эгнээнд явсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэмээн онцолсон юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд сургуулийн номын сан, анги танхимаар орж, лабораториудад оюутнууд туршилт, судалгаа хийж байгаатай танилцлаа. Боловсруулалтын лабораторт Инженерийн факултетийн төгсөх курсийн дөрвөн оюутан гэрийн яндангаас ялгардаг нүүрсний хорт утааг цэвэршүүлэх туршилт хийж байв. Оюутнууд “Судалгааны ажил, туршилтаа дуусгаж байна, удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ. Практик туршилт явуулах  гэрээ бариад бэлтгэчихсэн” гэж ярилаа.  


Үүний дараа УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар Налайх дүүрэгт баригдаж буй спорт цогцолборын талбайд очиж танилцлаа. 10000 квадрат метр талбай бүхий спорт цогцолборын хөрөнгө оруулалтыг шийдсэн талаар УИХ-ын гишүүн Л.Болд энэ үеэр бусаддаа дуулгасан.


Дараа нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар Ерөнхий боловсролын “Голомт” цогцолбор сургууль дээр тус дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзалт хийв.

Сургуулийн захирал Р.Цэдэндамбаа сургуулийнхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал тулгамдсан асуудлаа танилцуулсан.


Танилцуулга, мэдээллийн дараа УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ, 2018 оны улсын төсөвт боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь багш нарын урамшуулал, бодит орлого, нийгмийн баталгаа, хөгжлийн асуудал, сургалтын орчин зэргийг цогцоор нь сайжруулах боломжтой болсон талаар онцлов. Мөн багшийн хариуцлага, ёс зүйн асуудлыг нэн тэргүүнд авч үзэж, энэ талаар дорвитой бодлогын өөрчлөлт хийх болжээ гэдгийг салбарын сайд яриандаа тэмдэглэв. 


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Байнгын хороо боловсролын салбарын үйл ажиллагааг бүрэн дэмжиж явна” хэмээн тодотгон тэмдэглэсэн.

Энэ уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, орлогч дарга Х.Анхбаяр нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл