Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.10) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад 54.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар авлигын эсрэг олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тохиосныг дурдаад “Хүний сайн сайхан, эрх тэгш амьдрал, улс орны хөгжил дэвшилд нэн чухал ач холбогдолтой хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна” гээд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санап, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан болохыг санал, дүгнэлтэд дурдлаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгийн дэмжсэн 56 зарчмын зөрүүтэй болон найруулгын 4 багц саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын багц саналын томьёоллоор санал хураалт явуулж олонхын санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн бэлдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын багц саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын 5 өдрийн, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлын 3 өдрийн завсарлагыг тус тус чуулганы нэгдсэн хуралдаанаас авсан. Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явагдсантай холбогдуулан зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, сайжруулах нөхцөл үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Иймд хуулийн төслийг Байнгын хороонд буцаасан.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин хийсэн бөгөөд төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бэлдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 53, Байнгын хорооны дэмжээгүй 6, найруулгын 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн Байнгын хорооны дэмжсэн 6, найруулгын 1 саналаас зайлшгүй сайжруулах шаардлагатай болон үүссэн нөхцөл байдлыг харгалзан 22 зарчмын зөрүүтэй, 1 багц найруулгын санал болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаарх 1 зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж Байнгын хорооны хуралдаанд оруулсан байна. Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсэг дахин бэлдсэн 24 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж бусад саналыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний Байнгын хорооны хуралдаанд дэмжсэн томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах талаар горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Иймд саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.
Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах үед 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр сонгогдсон шинэ төлөөлөгч нарт хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж санал авах тухай Нутгийн удирдлагын дэд хорооны санал мөн түүнчлэн зарим зүйл, заалтыг Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлэн гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгсний дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул хуулийн төслийг Байнгын хороонд буцаасан.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин хийсэн юм.
2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор аймаг, сум, нийслэл, дүүрэг эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.”, “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэпг зааснаас бусад өмчтэй байж болно.” мөн аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхэд Засаг даргын орлогч, Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг нэмэх, хуулийн төслийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож байгуулна.” гэснийг хасах зэрэг зарчмын зөрүүтэй санал боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч, төсөл санаачлагч, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Засаг захиргааны нэгжүүдээ аль болох томруулах, төвлөрүүлэх эдийн засаг, нийгмийн шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Ц.Цэрэнпунцаг нар хэлж, саналаа илэрхийлж байлаа. Тэр тусмаа эдийн засгийн хөгжлийн агуулгаар орон нутгийг хөгжүүлэх бодлого байх ёстой гээд төслүүдэд энэ чиглэлээр ямар зохицуулалтууд тусгасныг тодруулж байсан. Дээрх шалтгаан нь хуулийг өөрчлөх, шинэчлэх болсны нэг гол шалтгаан гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлээд төслийн 13 дугаар зүйлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэв. Ингэхдээ өмнө нь иргэдэд үзүүлж байсан үйлчилгээг дордуулахгүй байх зарчмыг баримтлах ёстойг тусгасан талаар тайлбарласан юм. Төслөөр нэгжийг нэгтгэх, төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй, харин энэ асуудлыг зохих хэлбэрээр шийдвэрлэх бололцоог нээх, тодорхой болгох эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа аж. Тамгын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч, харин төслөөр Тамгын газрын даргыг Засаг дарга 6 жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр тусгасан байгаа зохицуулалтын талаар Г.Тэмүүлэн гишүүн тодруулж төсөл санаачлагч болон ажлын хэсгийн ахлагчаас хариулт, тайлбар авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төслийн 58 дугаар зүйлийн 58.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно”, төслийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Багийн оноосон нэрийг орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, мөн 40 дүгээр зүйлийн 40.6-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэсэн зохицуулалтуудын талаар тодруулж, ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан. Орон нутаг дахь бүтээн байгуулалтын талаарх шийдвэрийг тухайн аймаг, сумын удирдлагууд иргэдийн хүсэлтийн дагуу шийдвэрлэдэг байх шаардлагын талаар Ч.Ундрам, Ц.Даваасүрэн гишүүд хэлж байлаа. Түүнчлэн тосгоны статусыг тодорхойлох, хилийн цэстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлын эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх шаардлага бий гэв. Орон нутгийн төсөв, өмчийн асуудалд онцгой анхаарал хандуулан, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, санхүү эдийн засгийн салбарын мэргэжитнүүд ажилласан байна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн албан татварын тодорхой хувийг орон нутаг орлогодоо авах бололцоог 2022 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасан. Энэ мэт төсөв, татвар, өмчтэй холбоотой олон өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байгаа тул батлагдсан тохиолдолд 2021 оноос ихээхэн бэлтгэл хангах ёстой гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн юм.
Х.Баделхан гишүүн аймгийн Засаг даргын үйл ажиллагааг Засгийн газар дүгнэдэг байх шаардлагатай гэж хэлээд үүнтэй холбоотой ямар өөрчлөлт, шинэчлэлт хийснийг тодруулав. Засаг дарга бол нэг талаасаа Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төлөөлөл, нөгөө талдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэгч байгууллага гэдэг утгаараа Засгийн газрын шийдвэр болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгч гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлав. Тиймээс дээрх талуудын шийдвэрийг гүйцэтгэгчийн хувиар үйл ажиллагааг шийдвэр гаргагч талууд хянаж, шалгах нь зүй ёсны зохицуулалт учраас төсөлд энэ хэлбэрээр нь тусгасан гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 64, дэмжээгүй 9 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлд “Багийн оноосон нэрийг орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэсэн агуулгатай 8.3 дахь хэсгийг нэмэхийг; 12 дугаар зүйлд “Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах” доор дурдсан агуулгатай 12.1.9 дэх заалт нэмэхийг; 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Нэгжийг өөрчлөх асуудлыг санаачлахдаа өмнө нь иргэдэд үзүүлж байсан үйпчилгээг дордуулахгүй байх зарчмыг баримтална” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхийг тус тус дэмжсэн. Түүнчлэн төслийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын засаг захиргааны нэгжийн оноосон болон нэгж дэх газар зүйн нэр, гудамж, зам, талбайг төрийн албан ёсны хэлээр нэрлэнэ” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсэг нэмэхийг; 15 дугаар зүйлд “15.1.5.орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхыг харгалзан хөрөнгө хуваарилах;”, “15.1.6 хуульд заасан үндэслэл, журмын дагуу концесс болон үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.” агуулга бүхий 15.1.5, 15.1.6 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Төслийн 33 дугаар зүйлд “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэсэн 33.7 дахь хэсэг нэмэх;
34 дүгээр зүйлд “34.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тооны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно”, “34.4.Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.” нэмэх Байнгын хорооны дэмжсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Төслийн 36 дугаар зүйлд “Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих;” гэсэн агуулгатай 36.1.15 дахь заалтыг нэмж, дугаарлалтыг өөрчлөх нь зүйтэй хэмээн гишүүд дэмжив.
Төслийн 5 дугаар бүлэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн 77 дугаар зүйл нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхийг дэмжсэн. Уг саналыг дэмжснээр 77 дугаар зүйлийн 77.1-д “3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, гадаад бодлогын нэгдмэл бодлогыг хангасан байна”, 77.2-д “3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай байгууллага хоорондын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна.” гэж төсөлд нэмж тусгана. Мөн “Нэгжид тавих төрийн хяналт” гэсэн 81 дүгээр зүйлийг нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн төслийн 28 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалт, 37 дугаар зүйл, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь заалт, 53 дугаар зүйлийн 53.1, 53.3 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.1.7 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалт, 69 дүгээр зүйлийн 69.1.9 дахь заалтыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн 7 дугаар зүйлд “7.2 Сум нь 2500-аас доошгүй хүн амтай байна. Тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршлыг харгалзан 2500-аас доошгүй хүн амтай сум байгуулах саналыг Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Энэ хэсгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн 7.2 дахь хэсэг нэмэх Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан саналыг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.2 хувь нь дэмжээгүй. Түүнчлэн төслийн 36 дугаар зүйлд “36.1.15.худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах;” гэсэн 36.1.15 дахь заалт нэмэх Х.Нямбаатар гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй. Уг саналыг Байнгын хороо дэмжээгүйг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Дараа нь найруулгын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 34 нь 56.7 хувийн саналаар дэмжсэн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэр бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Ийнхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Нөхөн сонгууль зохион байгуулахтай холбоотой УИХ-ын тогтоолуудыг батлав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.
Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тоггоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувийн саналаар дэмжиж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр боловсруулсан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. “New Image Cast” санал тоолох төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн, тус улс сонгуулийн санал хураалтдаа ашигладаг болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 70.2 хувь нь төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлыг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардалд багтаан явуулахаар төслийг боловсруулсан байна. Тус төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгууль зохион байгуулагдаж байгаа талаар тайлбар хийв. Дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 34 нь дэмжиж, 79.1 хувийн дэмжлэгээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан.
МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, томиллоо
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хэлэлцэн, шийдвэрлэв.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Нямсамбуугийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1, 21.7-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ж.Цэсэнг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Нэр дэвшигч Жигжидийн Цэсэн нь 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.
Монгол Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үндэсний зөвлөлийн гишүүн Дэндэвийн Нямсамбуу, Балдангийн Энхмандах, Батжаргалын Батбаяр, Дэшигрэнцэний Оюун-Эрдэнэ, Довдонгийн Цэндсүрэн, Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй тул эдгээр долоон гишүүний оронд Монголын Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилж өгөх талаар албан бичиг ирүүлсэн байна.
Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор Улсын Их Хурлаас Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хорооны хуралдаанаар сонгон шалгаруулах, бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсэг нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хуралд ирүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулсан бөгөөд 27 төрийн бус байгууллагаас 28 нэр дэвшигчийн материал ирүүлснээс нэр дэвшигч С.Баярмөнх сонгон шалгаруулалтад оролцох талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан юм. Нэр дэвшигчдийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газруудаас холбогдох мэдээллийг гаргуулан, нэр дэвшигч тус бүрээр хянан үзэж Төрийн байгуулалтын байнгын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж ажилласан гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх санал болгосон нэр дэвшигчдээр Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг нууц санал хураалтаар саналын хуудсаар авахад Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Чулуунбаатарын Батцэнгэл, Баасанжавын Ганболд нар хамгийн олон санал авсан тул Улсын Их Хурлаас дээрх хүмүүсийг санал болгохоор тогтсон болохыг Ё.Баатарбилэг гишүүн танилцууллаа.
Нэр дэвшигч Дамдин овогтой Цоодол нь 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн сургуулийг, 1989 онд Улсын багшийн дээд сургуулийг Кино драмын жүжигчин мэргэжлээр, 2017 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг сэтгүүл зүйн магистр мөн Оросын Холбооны Улсын Москва хотын Останкины мэргэжил дээшлүүлэх институтийг хөтлөгч, нэвтрүүлэгчийн уран чадвар мэргэжлээр тус тус төгссөн. Улсад 28 жил ажилласан бөгөөд үүнээс 1989-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизэд нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизийн 5 дугаар нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын ерөнхий продюсер, 2016 оноос “Цэцэн энтертэймент” студийн Ерөнхий продюсероор ажиллаж байгаа юм байна.
Нэр дэвшигч Мянганбуу овогтой Наранбаатар нь 1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд Өвөрхангай аймгийн Есөн-зүйл сумын 10 жилийн сургуулийг, 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан, орос судлаач мэргэжлээр, 2002-2004 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр зэргээр, 2016-2019 онд Шихихутаг Их сургуулийг Хууль зүйн магистраар тус тус төгссөн. 1996-2006 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн захирал, 2015-2018 онд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2019 оноос Энхтайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.
Нэр дэвшигч Чулуунбаатар овогтой Батцэнгэл нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд 93 дугаар 10 жилийн сургуулийг, 1993-1997 онд Улсын Багшийн Их сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр, 2016 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2010 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд сэтгүүл зүйн магистр зэргээр тус тус төгссөн. 1997-2014 онд Монголын Үндэсний телевизэд редактор, хэлтсийн дарга, дэд захирал, 2015 онд “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгч, 2016 оноос Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Монголын мэдээ сувгийн захирал, 2017 оноос 2020 оны 11 дүгээр сарын 10-ныг хүртэл Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн захирлаар ажиллаж байсан байна.
Нэр дэвшигч Баасанжав овогтой Ганболд 1955 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 1973 онд Ерөнхий боловсролын сургууль, 1979 онд Москвагийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1989 онд Москва Нийгмийн Ухааны Академид Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1979-1992 онд Үнэн сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, 2000-2006 Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ.
Мөн Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Жигжидийн Цэсэн, Монгол Улсын Засгийн газраас Маруушийн Уянга, Гомбожавын Отгонбаяр нарыг нэр дэвшүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр нэр дэвшигчдийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Хуульд заасан үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Дэндэвийн Нямсамбуу, Балдангийн Энхмандах, Батжаргалын Батбаяр, Дэшигрэнцэний Оюун-Эрдэнэ, Довдонгийн Цэндсүрэн, Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилох тухай” болон “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэн ажиллаж байсан Ө.Золбаяр, З.Энхболд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5-д заасныг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 3 төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж материал ирүүлснээс Монголын үндэсний Маркетингийн холбоо, Монголын үндэсний, худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Урлагийн ажмлтны холбооноос нэр дэвшигч Маруушийн Уянга, Монголын аутосорсингийн холбоо, “Хөх ах” төрийн бус байгуулагаас нэр дэвшүүлсэн Гомбожавын Отгонбаяр нарыг нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Нэр дэвшигч Маруушийн Уянга 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын доктор. 2004-2015 онд “Тод толь” сангийн тэргүүн, 2005-2007 онд хүүхдийн “Өлзийт” зуслангийн захирал, 2002 оноос өнөөдрийг хүртэл “Саунд оф Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал, найруулагч, “Монголын Урлагийн ажилтны холбооны болон Олон улсын хүүхдийн зуслангуудын холбооны гишүүний сонгуульт ажилтай.
Нэр дэвшигч Гомбожавын Отгонбаяр 1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн магистр. 1996-1999 онд Улаанбаатар төгиөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депод, 1999 оны 7 дугаар сараас Өдрийн сонинд сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар, 2007-2015 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, мөн ерөнхий эрхлэгчээр, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Засгийн газрын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Б.Пүрэвдорж, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, Ц.Туваан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Т.Доржханд нар үг хэлж, асуулт асуун Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон нэр дэвшигчдээс хариулт авав.
Гишүүд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан үйл ажиллагаатай байх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Цаг үеийн шаардлагаар Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага болох олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг тал бүрээс томилдог, тус байгууллагын санхүү эдийн засгийн асуудал, түүнд тавих хяналт зэрэг нь тус хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг Г.Занданшатар дарга хэлээд, хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулна гэлээ. Хуралдааны үеэр Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буй Чулуунбаатар овогтой Батцэнгэл нэрээ татаж буйгаа мэдэгдсэн.
Ингээд нэр дэвшигчдийг Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр тус бүр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 87.2 хувь нэр дэвшигч Ж.Цэсэнг, нэр дэвшигч М.Уянгыг 89.4 хувийн саналаар Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив. Нэр дэвшигч Д.Цоодол, Г.Отгонбаяр нарыг тус зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 93.6 хувийн саналаар, М.Наранбаатарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг 87.2 хувийн саналаар, Б.Ганболдыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг 70.2 хувийн саналаар тус тус дэмжив. Иймд “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Дараа нь “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, З.Энхболд, Б.Золбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхөөр, тогтоол 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр төсөлд тусгасан. Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 45 нь дэмжиж, тогтоол батлагдлаа. Ингээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.