2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Монгол Улс нэгдэн орж байгаа олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхэд хяналт тавих асуудалд Гадаад харилцааны болон Хууль зүйн яам анхаарч, олон улсын гэрээ, конвенцийн зүйл, заалтыг хэрэглэх, хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудад мэдээлэл, мэдлэгээр хангах тодорхой ажил зохион байгуулах санал гаргасан. Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орохыг дэмжээд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хорьж саатуулах, айлган сүрдүүлэх, хилс хэрэгт шийтгэн хорих зэргээр эрүүдэн шүүх янз бүрийн хэлбэрүүд байсаар байгааг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулан таслан зогсоож, хүний эрх зөрчих, эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизмыг тусган мөрдөн байцаах хуучин арга хэлбэрийг өөрчлөх шаардлагатай гэсэн саналтай байлаа.
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан болно.