Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 35 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Түүнчлэн “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Энэхүү журмаар, зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ нь 80 кв.м.-аас дээшгүй байхаар тооцож, ипотекийн зээлийн хугацаа нь 20 хүртэл жил, ипотекийн зээлийн хүү жилийн 8 хувь байх бөгөөд жилийн инфляциас хамаарч өөрчлөгдөж байх, орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байхаар зээлийн ерөнхий нөхцөлийг тогтоожээ. Үүнээс гадна зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлтийг тогтоож өгсөн байна.
Мөн дугаарт, Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.Тус тогтоолын хавсралтаар баталсан журамд, цахим мэдээлэл солилцох системийг ямар чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ашиглах, тус системийг байгуулахдаа ямар шаардлагыг хангасан байх зэргийг тодорхой тусгажээ. Түүнээс гадна төрийн цахим мэдээллийн сангийн ашиглалт үйлчилгээ, цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг журамлаж өгсөн байна
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын шилдэг хоршоо шалгаруулах журмыг хавсралтаар баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоршоологчдын нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өсгөхөд дэмжлэг үзүүлэх үүднээс шалгаруулахад энэ журмыг мөрдөх ажээ. Журамд ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэж шилдэг хоршоог шалгаруулах, шалгаруулах ажиллагаа, шагнал олгох асуудлыг мөн тусгажээ.
"Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгоход 500.000 төгрөг” гэсэн заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолд нэмэхээр тогтжээ. Энэ тухай тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэв.


УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2013 оны 9 дүгээр сарын 16
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл