Цэс

Холбоо барих

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү нарын санаачилгаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” хэлэлцүүлийг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү нар үг хэллээ.

Хэлэлцүүлэгт Замын цагдаагийн газрын Тасгийн дарга, хурандаа Р.Мөнхбаяр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, шалтгаан”, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хууль зүйн шинэчлэлийн бодлого”, Зам, тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Энхболд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлага”, Хууль сахиулахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Ч.Ганбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал”, Хөдөлмөрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Г.Сувдаа “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар дахь жолооч бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөр, Хууль сахиулахын их сургуулийн багш О.Батжаргал “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар гаргасан олон улсын байгууллагын зөвлөмж”, Монголын автосургууль, курсүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал А.Хурцбилэг “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх тогтолцоог шинэчлэх нь”, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал “Зам тээврийн осол, гэмтэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, үйлчилгээ”, Цагдаагийн ерөнхий газрын Холбоо мэдээллийн төвийн ахлах байцаагч, дэд хурандаа Б.Баттулга “Цагдаагийн албан хаагчийн хэрэг зөрчил илрүүлэх, баримтжуулах, торгууль ногдуулах, таслан зогсоох арга техник, шинэчлэл”, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож “Замын хөдөлгөөний ачааллын харьцуулсан судалгаа, нөхцөл байдал” сэдвүүдээр тус тус илтгэл тавив.

Илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид санал бодлоо хэлж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцав. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд эрх зүйн орчинг сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг онцлон тэмдэглээд, хэлэлцүүлэгт оролцсон яам, газрууд хамтарч ажиллахаар боллоо.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Зам, тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Хууль сахиулахын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг, Монголын авто сургууль, курсүүдийн нэгдсэн холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцлоо.

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

Ажлын алба

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл