ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2013 ОНЫ 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ
2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн З.Баянсэлэнгэ
гишүүн З.Баянсэлэнгэ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол, С.Эрдэнэ нар хүний эрхийг дордуулсан заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгасан нь буруу, шүүхийн шийдвэрт давж заалдах эрхийг хэн ч ялгаагүй эдлэх ёстой талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр гэм бурууг нь эцэслэн тогтоосны дараа хорих ял эдлэх явцад энэ асуудал яригдах тул хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх ажиллагаанд ялтан оролцогч болох эсэх талаар болон шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрт хамаарах эсэх асуудал нь маргаантай байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж нар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжсэнээр хүний эрхийг хангуулах, дэмжихгүй бол ялтныг хорих ялаас чөлөөлөхгүй гэж байгаа асуудал биш бөгөөд ялаас чөлөөлөх, хугацааны өмнө тэнсэн суллах процесс, түүнд оролцогчдын талаарх эрх зүйн асуудал яригдаж байгааг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Ө.Энхтүвшин нар ял эдлэхээс хугацааны өмнө чөлөөлөх тухай захирамжид давж заалдах эрхтэй байх нь ялтныг сулласан буюу чөлөөлсөн нь буруу гэж үзэн давж заалдах гомдол гаргах асуудлыг хөндөх эсэх, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй гэсэн нь нөгөө талаасаа ялтныг суллахгүй буюу чөлөөлөхгүй гэсэн тохиолдолд давж заалдах гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа эсэх асуудлаар саналаа тус тус илэрхийлж байсан болно.
Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүд асуудал хэлэлцэхэд төрийн байгууллагууд харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах, төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, үйл ажиллагаа үүнтэй холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлж байсан болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсэн 334.4 дэх хэсгийн “давж заалдах гомдол гаргаж болохгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно.
Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах саналыг оруулж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ