Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны тойм

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн, Хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нар болон Ажлын дэд хэсгийн гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга С.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Эрүүл мэндийн яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Гэрэлмаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ц.Ганцэцэг, Сангийн яамны мэргэжилтэн Мөнхтуул болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа болон хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нар хуулийн төслийн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо, бүтэц, түүний удирдлагын талаарх зохицуулалтыг хэрхэн тусгах талаар саналаа танилцууллаа.

Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, түүнийг удирдлагаар хэрхэн хангах талаар Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд саналаа тус тус илэрхийлж, дээрх асуудлуудтай холбогдсон зохицуулалтын талаар тусгайлан Ажлын хэсэг хуралдах нь зүйтэй гэж үзлээ.

Ажлын хэсгийн хуралдааны ирц хангагдсан тул Ажлын хэсгийн гишүүд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, гишүүд Ажлын хэсгээс гаргасан 55 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоос 2 саналын томьёоллыг нээлттэй үлдээж, бусад саналыг дэмжлээ.

Ажлын хэсгийн ахлагч хуралдаанд оролцсон холбогдох яамны ажилтнуудад хуулийн төсөлд нэмж тусгагдаж байгаа болон өөрчлөлт орж байгаа зохицуулалттай холбогдон гаргасан эдийн засгийн тооцооллыг нарийвчлан хянаж, нэмэлт мэдээллүүдийг гаргаж ирүүлэх үүрэг өгч, Ажлын хэсгийн хуралдааныг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулахаар боллоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 17.50 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл