Цэс

Холбоо барих

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.ОЮУНХОРОЛ

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Шүүх байгуулах тухай хуульд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийг баруун бүс гэж тогтоон шүүхийн байрыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байршуулахаар заасан нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулах байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан зөрчигдөх нөхцөл байдал үүсч байна.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар буюу нийт 4 шүүхийг байршуулах шүүхийн цогцолбор байрууд баригдаж ашиглалтад ортол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа шүүхүүдийн байрнаас гадна одоо байгаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж шүүн таслах ажиллагааг алдагдуулахгүй хэвийн явуулах боломжтой гэж үзэж эдгээр шүүхийн байрыг байршуулах газрыг “Улаанбаатар хот” болгон өөрчлөхөөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар нийт 4 шүүхийн байрших газрыг Улаанбаатар хот гэж ерөнхий байдлаар заах нь хуулийг хэрэгжүүлэх шатанд хүндрэл үүсгэж болзошгүй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар давж заалдах шатны шүүх нь Багануур, Багахангай дүүрэг зэрэг зай талбай ихтэй газар, анхан шатны шүүхүүд нь нийслэлийн төвийн дүүргүүдэд байх нь зүйтэй талаар саналаа илэрхийллээ. Түүнчлэн зарим шүүхийн байрших нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчлөхтэй холбогдуулан прокурорын байрны байршлын асуудлыг Байнгын хороо хуульд заасны дагуу санаачлан энэхүү хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                             Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл