Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцав.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, А.Бакей, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд, удирдлагуудтай уулзаж яамны цаг үеийн ажлын явцтай танилцлаа.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга, гишүүд ургац хураалтын явц, төмс хүнсний ногооны борлуулалт, шатахууны үнэ хангамж, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсов.

Ургац хураалтын явц үр тарианы тарималд 57.8 хувь, төмснийх 83.5 хувь, хүнсний ногооных 94.7 хувьтай явагдаж байгаа төдийгүй ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 11.6 хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 - 5.5 хувиар тус тус өссөн дүнтэй тариалангийн бүс нутгуудад шатахууны хангамж хэвийн байна.

Түүнчлэн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, хэрэглэгчдийн гар дээр ирэх гурилын үнийг хэт өсөхгүй байх боломжийг бүрдүүлэх үүднээс Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд авах 1 тонн хүнсний улаанбуудайн үнийг 320.0 мянган төгрөгөөр тогтоож, 100 км-ын доторх буудайн тээврийн зардлыг тариалангийн сан хариуцахаар шийдвэрлэж, үүн дээр гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 100.0 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Мөн 2013-2014 оны өвөл, хаврыг хохирол багатай давах, цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 210, 266 дугаар тогтоолуудыг гаргуулан, түүнийг хэрэгжүүлэх, хадлан, тариагаа бүрэн хураан авах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан даалгаврыг гарган орон нутагт хүргүүлсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан мэдээллээ.

Цаашид эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бий болгох тал дээр Байнгын хороо дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.





Бичсэн : Референт З.Оюунсүрэн
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл