Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.07) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулсан юм.
Тус санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.
Манай улсын шүүхээс гаргаж буй нийт шийдвэрийн 60-70 хувь нь гадны нөлөөлөлтэй байгаа гэж зарим судалгаа, мэдээлэлд дурдагдсан байдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар тодотгоод, хэлэлцэж буй төслөөр бид нийгмийн шударга ёсны захиалгыг биелүүлэх эсэхийг тодруулж байв. Шүүх шударга байх, шүүгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажилласан хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулав. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа шүүх эрх мэдэл бие даасан, шүүгч хараат бус байх гол зарчмыг баримталсан ч өнгөрсөн хугацаанд хараат бус байдлыг хангаж чадаагүй гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Үндсэн хууль болон бусад хуулиараа шүүх, шүүгчийн хараат бус байдлыг тунхагласан атлаа үүний талаарх эрх зүйн нарийвчилсан зохицуулалтгүй байсныг өөрчилж, төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарлалаа. Тухайлбал, улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх бүхий л мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэн, битүүмжлээд ШЕЗ-д ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэг хүлээж байгаа аж. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн шүүгч сахилгын шийтгэл хүлээх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. ШЕЗ уг тэмдэглэлийг хүлээн авч, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, шаардлагатай тохиолдолд нөлөө үзүүлэх гэж оролдсон этгээдэд хариуцлага тооцдог байх зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ. Энэ нь нэг талаасаа шүүгчийг хариуцлагажуулж, нөгөө талаас улс төрчдийн нөлөөллөөс шүүхийн үйл ажиллагааг хамгаалах зорилготой гэдгийг тэрбээр тайлбарласан.
Аймаг бүрд анхан шатны 2 шүүх, давж заалдах шатны 1 шүүх байдаг ба төсөл батлагдсанаар одоогийн энэ бүтэц өөрчлөгдөх үү гэсэн Д.Тогтохсүрэн гишүүний асуултад Б.Энхбаяр гишүүн хариулахдаа “Шүүх байгуулах тухай асуудлыг бүх тохиолдолд Улсын Их Хурал шийдвэрлэх учраас өнөөдөр хэлэлцэж буй төсөл батлагдсанаар одоогийн шүүхийн бүтцэд өөрчлөлт орохгүй” гэв. Ерөнхий шүүгч иргэдийг хүлээн авах, өргөдөл гомдлыг шийдвэрлэх зохицуулалтыг хассан байгааг Д.Тогтохсүрэн гишүүн шүүмжилсэн. Мөн тэрбээр Нийгмийн даатгалын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах харилцааг төсөлд тусгасан байгаа онцолсон. Түүнчлэн “…өндөр насны тэтгэврийн хэмжээг түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно…” хэмээх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Тодорхой төрлийн албан хаагчдын нийгмийн асуудлын зохицуулалтыг салбарын хуульд тусгадаг жишгийн дагуу ажлын хэсэг эл саналыг тусгасан гэдэг хариултыг Хууль зүйн байнгын хорооны дарга өгөв. Шүүгч нарын цалин, нийгмийн баталгааны талаарх зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тодруулахад “Анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 2.7 сая төгрөг, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн цалин 2.9 сая төгрөг, хяналтын шатны шүүхийн шүүгчийн цалин 3.2 сая төгрөг байдаг. Шүүхийн нарийн бичиг, туслахууд гар дээрээ 700 мянган төгрөгийг цалин авдаг, үүнээс үүдэн хүний нөөц нь тогтворгүй. Тиймээс шүүгч нарын цалинг 5-10 хувь, шүүхийн нарийн бичиг, туслахуудын цалинг 2 дахин нэмэгдүүлэх саналыг ажлын хэсгээс гаргасан” хэмээн Б.Энхбаяр гишүүн тайлбар хэллээ.
Шүүгчийг сонгон шалгаруулах талаар ямар дэвшил гарсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар лавлаж, ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан хариулт өглөө. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх хэсэгт “…Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох … үүргийг биелүүлнэ” гэж заасныг онцлоод, тус зөвлөл орон тооны 10 гишүүнтэй ажиллахаар төсөлд тусгасан гэлээ. Түүнчлэн шүүгчийг сонгон шалгаруулалтыг нарийвчилсан зохицуулсан байна.
Анхан шатны шүүхийг бэхжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хөндөж, шүүгч нар гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх зохицуулалт төсөлд бий эсэхийг лавлав. Шүүхэд хандсан бүхэн гурван шатны шүүхээр дамждаг байдлыг өөрчлөх зорилго тавьсан гэдгээ Б.Энхбаяр гишүүн хэлж байлаа. Нэн тодорхой, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хуулийн илт тодорхой заалтыг огт өөрөөр хэрэглэсэн, эсвэл Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг буруу хэрэглэсэн, зөрчсөн болон хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаад, тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг гурван үндэслэлээр Улсын дээд шүүх хэргийг хянадаг байх нь зүйтэй гэж үзсэн байна.
Шударга ёсыг сахиулах хараат бус шүүх засаглалыг бий болгох, хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргадаг шүүгчтэй болох нь дээрх хуулийг шинэчлэх үндсэн зорилгын нэг гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн онцолж байв. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулахаар Үндсэн хуульд тусгасан нь том дэвшил гэдгийг тэрбээр хэлсэн. Тус хорооны 4 гишүүнийг шүүгчид нууц санал хураалтаар дотроосоо сонгох бол шүүгч биш таван гишүүнийг Улсын Их Хурал нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох нь хараат байх нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй гэж үзэж буйгаа Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний 4-ийг нь шүүгч нарын дундаасаа нууцаар сонгох бол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын хорооны бусад гишүүдийг хуулиар заасан журмыг удирдлага болгон сонгон шалгаруулж, томилох зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.
Хараат бус байдлыг хангахад санхүүгийн асуудал нэн чухал гэдгийг Х.Ганхуяг гишүүн тодотгоод, энэ чиглэлээр ямар зохицуулалт төсөлд тусгасныг лавлав. Эдийн засаг, санхүүгийн хараат бус байдлыг анхаарах нэн шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Жилд 70 гаруй мянган хэргээ шударгаар шийдвэрлүүлэхээр шүүхийг зорьж буй иргэдийн асуудал энд хөндөгдөж байгааг талбарласан. Мөн шүүгчийн туслахын сарын цалин 700 мянган төгрөг байдгаас тогтвортой ажиллах хүн олдохгүй байгаа гэдгийг дурдан, энэ чиглэлд зохих анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Шүүгчийн гаргасан алдаанаас үүдэн хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцах зохицуулалтын талаар С.Амарсайхан гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн томилгоонд Улсын Их Хурал оролцох нь оновчтой эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, хариулт авсан. Шүүх шударга шийдвэр гаргадаг эсэх нь улс орны эдийн засагт нөлөө үзүүлдэг гэдгийг Т.Доржханд гишүүн дурдаад, шүүгчийг 3-5 жилийн хугацаатай туршилтаар ажиллуулдаг бусад орны туршлагыг нэвтрүүлэх боломжтой эсэхийг тодруулж, хариулт авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Хууль зүйн байнгын хорооны санал хураан шийдвэрлэсэн 137 зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 67 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор өнөөдөр санал хураалт явууллаа. Тухайлбал, төсөлд “Танхимын тэргүүний бүрэн эрх” гэсэн 19 дүгээр зүйлийг нэмж, Шүүгчдийн зөвлөгөөний талаарх зохицуулалт бүхий холбогдох зүйл заалтыг өөрчлөн найруулах агуулга бүхий саналын томьёоллуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 22 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэсэн 22.3 дахь хэсэг, “Улсын дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ” гэсэн агуулгатай 22.8 дахь хэсэг, “Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэсэн агуулгатай 22.9 дэх хэсэг, “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр, ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлана” гэсэн 22.10 дахь хэсэг нэмж, төслийн 22.5 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн шүүгч нь тусгай саналаа уг шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжсэн юм.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт бүхий төслийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 27 дугаар зүйлд “иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх” гэсэн агуулгатай 27.1.5 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Улсын дээд шүүхийн танхимын бүрэн эрхийн талаарх зохицуулалт бүхий төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын талаарх төслийн 35 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг мөн гишүүд олонхын саналаараа дэмжсэн юм. Мөн Шүүгчид нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх гэсэн төслийн 36 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн 43 дугаар зүйлд “шүүгч өөрийн хүсэлтээр ахисан түвшинд мэргэшлээ дээшлүүлэх зорилгоор хоёр жил хүртэл хугацаагаар гадаад улсад суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болсон тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдах” гэсэн агуулгатай 43.3.6 дахь заалт нэмэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн тохиолдолд авах арга хэмжээний талаарх зохицуулалт бүхий 46.8-46.10 дахь хэсгийг төслийн 46 дугаар зүйлд нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52 нь 78.8 хувь нь дэмжсэн.
Төслийн 47 дугаар зүйлийн гарчгийн “Шүүгч” гэсний өмнө “Шүүх,” гэж нэмж, 47.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ” гэж, 47.5 дахь хэсгийг “Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 16.5-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулж, 47.8 дахь хэсгийн “журам, шалгуур үзүүлэлтийг” гэснийг “шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох” гэж өөрчлөх эсэхээр санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний олонх дэмжсэнгүй.
Шүүгчид хориглох зүйлийн талаарх төслийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх буюу 65.2 хувь нь дэмжив. Тодруулбал, шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох; албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн нууцыг задруулах; албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулах; шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх; албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглах; зэргийг хориглох зохицуулалтыг төсөлд тусгах юм. Мөн өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх; гадаад улсын төр, олон нийтийн болон бусад байгууллагын шинжпэх ухааныхаас бусад хүндэт, тусгай цол, шагнал, одон, тэмдэг авах; багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах; улс төрийн байгууллагын удирдах болон бусад албан тушаал эрхлэх, улс төрийн байгууллага, улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн талаар олон нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийн сурталчилгаанд оролцох, улс төрийн сонгуульд нэр дэвшигчид санхүүжилт, хандив өгөх; зэргийг хориглох юм. Энэ мэтээр 52.1.1-52.1.40 хэсгээр шүүгчид хориглох зүйлийн талаарх зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзэв.
Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой 60 дугаар зүйлийг төсөлд нэмэхийг гишүүдийн олонх буюу 67.2 хувь нь дэмжлээ. Тодорхой төрлийн зөрчилд сануулах, цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг гурван cap хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Тухайлбал, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох; албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн нууцыг задруулах; зөрчилд огцруулах зохицуулалтыг төсөлд тусгахаар боллоо.
Төслийн 75 дугаар зүйлд “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэсэн 75.2 дахь хэсэг, “Энэ хуулийн 75.2-т зааснаас бусад этгээд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ” гэсэн 75.3, “Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ” гэсэн 75.4 дэх хэсгийг нэмэхийг гишүүд дэмжсэн юм.
Шүүхийн Тамгын газрын чиг үүргийн талаарх зохицуулалт бүхий төслийн 91 дүгээр зүйлд “иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх” гэсэн агуулга бүхий 91.1.9 дэх заалт нэмэхийг гишүүд 75.8 хувь нь дэмжлээ.
Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 137 томьёоллын 67 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн (2021.01.08) нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.