Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 30 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг нийтэллээ.

Энэ хуулиар гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоожээ.
Хамгаалалтын арга хэмжээ нь аюулгүй байдлын хамгаалалтын, сэтгэл зүйн хамгаалалтын гэсэн 2 төрөлтэй байхаар хуульд тусгасан байна.
Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечилсэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, аюулгүй газарт түр байрлуулах, нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх гэсэн хэлбэртэй байх аж.
Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах, гэрч, хохирогчийн оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх, шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах шаардлагатай бусад арга хэмжээ хамаарч байна.

Мөн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг нийтэллээ. Энэ хуульд төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тогтоожээ. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн гэж хэнийг хэлэх, яллагдагчийн төлбөрийн чадваргүй байдлыг хэрхэн тодорхойлох, үйлчлүүлэгчийн эрх, үүргийн талаарх мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авах болно.

Үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү тогтоолоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ”Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ. ”Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр, тэрхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг “Төрийн мэдээлэл” эмхэтгэл бүрэн эхээр нь нийтэллээ.

2013 оны 8 дугаар сарын 8
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл