Цэс

Холбоо барих

Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаан болов.

2013.8.02

Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдаж Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх талаар ажлын хэсгээс хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд дэд ажлын хэсгээс 8, 9 дүгээр сард хийж гүйцэтгэх ажлын талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун үүрэг, чиглэл өглөө.

Хуралдаанд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун /ажлын хэсгийн ахлагч/, Уул, уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ болон тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Болдхүү, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, мөн газрын Газрын тосны хайгуул судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр, Газрын тосны инженерүүдийн холбооны дэд тэргүүн, ШУТИС-ийн Газрын тосны тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор Ж.Цэвээнжав, Монголын занарын холбооны ассоциацийн тэргүүн Д.Ганболд нар оролцож санал, бодлоо илэрхийлэв.

Улсын ИХ Хурлын даргын 2013 оны 117 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг /дэд ажлын хэсэг/ -ийн ахлагчаар Уул уурхайн дэд сайдыг ажиллуулахаар шийдвэрлэсний зэрэгцээ ажлын төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжлээ.

Ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун дэд ажлын хэсэгт дараах үүрэг, чиглэлийг өгөв. Үүнд:

- газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг 2013 оны 8 дугаар сарын 25-ны дотор боловсруулж бэлтгэх, Улсын Их Хурлын нийт гишүүдэд хүргүүлэх,

- ажлын хэсгийн гишүүд, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн, тэдгээрийн талаар товч танилцуулга бэлтгэж Ажлын хэсэгт танилцуулахад бэлтгэх ажлыг 9 дүгээр сарын эхээр хийж дуусгах,

-хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын анхны хувилбарыг боловсруулан Ажлын хэсгийн ахлагчид танилцуулах / 9 дүгээр сард багтаах/

-Хуулийн төслийн талаар мэргэжлийн болон төрийн, төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах.


Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл