Цэс

Холбоо барих

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн дэд ажлын хэсэг хуралдав. 2013.07.31

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн багийн (дэд ажлын хэсэг) анхны хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 31-ний 13.00 цагаас Төрийн ордны “В” танхимд хуралдлаа.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, Уул уурхайн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр, Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болд, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, мөн газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж, Эдийн засгийн Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Хуралдаанд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяагаас дэд ажлын хэсэгт дараах үүрэг, чиглэл өглөө.
- Эрдэс баялгийн талаар салбарт баримтлах бодлогын талаарх гадаад зарим улс орнуудын баримт бичгийн харьцуулсан судалгаа гаргах / 9 дүгээр сарын 1-ний дотор/
- Тогтоолын төсөлд Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн, ажлын хэсэгт танилцуулах /8 дугаар сарын 25-ны дотор /
- Эрдэмтэн, судлаач болон дэд ажлын хэсгээс гаргасан зарчмын болон найруулгын саналыг нягтлах, шаардлагатай саналуудыг ажлын хэсэгт танилцуулахад бэлтгэх , улмаар ажлын хэсгийн хуралдаанд оруулж санал хураалгах саналын томъёоллын анхны хувилбарыг гаргах зэрэг үүргийг өгөв. / 9 дүгээр сарын 10-ны дотор/
Дэд ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаар ахлуулахаар тогтов.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл