Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 29 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Цагдаагийн албаны тухай хуулийг нийтэллээ. Шинэчилэн найруулсан энэ хуулиар хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтоожээ.

Цагдаагийн байгууллагын тогтолцоо, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн, цагдаагийн байгууллагын үүрэг, удирдлага, түүний эрх хэмжээг хуульд хэрхэн тусгасныг эмхэтгэлийн дугаараас унших болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон иргэний бусад хяналт тавих иргэний зөвлөлийн бүрэн эрх, хориглох зүйл, олон нийтийн цагдаагийн ажилтны үүрэг, цагдаагийн алба хаагч, ажилтны баталгаа, цагдаагийн алба хаагчид олгох нөхөн олговор, тусламжийн талаар хуульд нарийн тусгасан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийг дагалдан гарсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэллээ.

“Нэг цонхны үйлчилгээ”-ний талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг Архангай аймгийн Жаргалант сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Увс аймгийн Тэс сум, Ховд аймгийн Үенч сум, Хөвсгөл аймгийн Тариалан сум, нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд шинээр байгуулах болон хоёр аймагт явуулын “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийн 40 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг дээрх тогтоолоор аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.

Түүнчлэн энэ тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагааны журмыг баталсан бөгөөд “Нэг цонхны үйлчилгээ”-нд хамрагдах үйлчилгээний төрлүүд, үйлчилгээ үзүүлэх зарим, байр, танхим, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар журамд нарийвчлан тусгажээ.

2013 оны 8 дугаар сарын 1

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл