Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 14 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Ерөнхий прокурор Магванноровын Энх-Амгаланд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн зэрэг дэв олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталжээ. Энэ тогтоолоор, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг үйл ажиллагаа явуулах байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.

Журмын дагуу, ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд энэ комиссын зорилго оршиж байгаа ажээ.

Түүнчлэн комиссын үйл ажиллагаанд ямар байгууллагын төлөөлөл оролцох, иргэний хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан болон чадвар алдалтыг хэрхэн ангилах, комисс нь үйл ажиллагаандаа ямар эрх зүйн актыг мөрдөх, комиссын бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх, түүний гишүүдэд тавих шаардлага ямар байх зэргийг журамласан байна.

Журмаар, комиссын үйл ажиллагаанд оролцогч талуудын болон төв зомисс, орон нутгийн, салбар комисс, Аймаг /дүүрэг/-ийн Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг тус тус нарийн зааглаж өгсөн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл