Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.10) хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан дөрвөн зарчмын зөрүүтэй саналаар санал хураав.


Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд “9,651.9 гэснийг 9,651.5 гэж, нэгдсэн зарлагын өсөлтийн хэмжээг (тэрбум төгрөг) 2018 онд “497.3” гэснийг “497.0” гэж, 2019 онд “671.5” гэснийг “671.8” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг) 2018 онд “-2,420.4” гэснийг “2,420.1” гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд “1,989.5” гэснийг “1,928.5” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “6.5” гэснийг “6.3” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээнийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд гурав дахь заалт болгож “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулахыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд даалгах” санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээнийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.


Хуралдааны эцэст Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл