Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.12) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн (2017.10.10) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцон, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Раднаагийн Бурмааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар бүлэг хэлэлцсэн тул завсарлагын хугацаа дууссан болохыг албан ёсоор мэдэгдэв.


Тус мэдэгдэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Раднаагийн Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар ирүүлсэн саналын талаар бүлэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай тул завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40.1-т заасны дагуу 2017 оны аравдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг саналыг 2017 оны аравдугаар сарын 13-ны дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 заалтыг үндэслэн Улсын Их Хуралд дахь АН-ын бүлэгт 2017 оны аравдугаар сарын 13-ны 09.00 цаг хүртэл завсарлага өгөхөөр шийдвэрлэснээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл