Цэс

Холбоо барих

ХОХИРЛЫГ ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

                                                                                                                                   Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
                                                                                                                                                                             Д.Оюунхорол

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус Байнгын хороо 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дараах санал, дүгнэлтийг гаргалаа.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулаагүйгээс удаан хугацаанд гомдол гарсаар байхад асуудлыг шийдвэрлэж чадахгүй дахин дахин ажлын хэсэг байгуулж, судалъя гэж хойшлуулах нь буруу бөгөөд хадгаламж зээлийн хоршоодоос хураасан хөрөнгө нь хангалттай, үнэлгээ нь хохирол барагдуулахад хүрэлцэхээр байхад өнөөг хүртэл албан үүргээ гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандсан төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргасан.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх болон найруулгын шинжтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай тус Байнгын хорооны санал, дүгнэлт, саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.





ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл