2013.07.10
Улсын Их Хурлын 2013 оны ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хадгалах, макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдсэн зарим шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэлэлцэн батлуулах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлын талаар холбогдох байгууллага, сайд нарын мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөх, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагуудын 2012 оны үйл ажиллагааны тайланг болон эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, холбогдох Төсвийн Ерөнхийлөн захирагчдын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэх зэрэгт үндсэндээ чиглэгдлээ.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 13 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан хорооны ажлын хэсгүүд 30 шахам удаа хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 70 гаруй цаг зарцуулсан байна.
НЭГ. ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 40 шахам асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 20 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр тус Байнгын хорооноос 10 ажлын хэсгийг байгуулан ажилууллаа.
Чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн 8 хууль, 4 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 3 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, 18 хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан нийт 8 хуулийн нэг нь шинэчилсэн найруулга, бусад нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль байв.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ын төсөл болон түүнийг дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх асуудалд нэлээд их цаг зарцуулж байлаа. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дээр дурдсан хуулиудын төслүүд дээр нийтдээ 15 удаа, Байнгын хороо 5 удаа, нэгдсэн хуралдаан 4 удаа тус тус хуралдаж, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр 58 зарчмын зөрүүтэй, 12 найруулгын шинжтэй саналын томьёололоор санал хураалгасан байна. Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр 10 зарчмын зөрүүтэй саналын томьёололоор дахин санал хураалгалаа. Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн санал, дүгнэлт, төрийн болон төрийн бус байгууллага, зарим иргэдээс ирүүлсэн саналуудыг судлан үзэж шаардлагатай саналуудыг авч ажиллалаа.
Үнэт цаасны зах зээлийн /шинэчилсэн найруулга/ тухай хууль батлагдснаар хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг олон улсын нийтлэг стандартад нийцүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд оролцогчдод тавигдах шаардлага, төрийн зохицуулалт, хяналт шалгалтын хэлбэр, төрөл, улсын байцаагчийн эрх, хэмжээг шинэчлэн тогтоох замаар үнэт цаасны зах зээл дэх сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хямд эх үүсвэр татах нөхцөл бүрдэх нэн чухал ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалт болж байгаа юм.
Банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолыг хаалттай хуралдаанаар хэлэлцүүлж батлав.
Улсын Их Хурлын 2011 оны 39 дүгээр тогтоолын дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтэд аудит хийж, тайлангаа 2013 оны 04 сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо сонсож, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “... Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай тогтоол батлана” гэж заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж Улсын Их Хурлаас гаргах тогтоолыг батлууллаа. Уг тогтоолд МУ-ын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтэд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланд туссан дүгнэлт, зөвлөмжүүд болон Үндсэн чиглэлд тусгагдаад хэрэгжээгүй, хэрэгжилт нь удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний биелэлтийг бүрэн хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг 2013 оны 3 дугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт, одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх бодлого, цогц арга хэмжээний санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжуудын төслүүдийг 2013 оны хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлүүлэх, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд яаралттай өргөн мэдүүлэх асуудлуудаар Засгийн газарт үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн хаврын ээлжит чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг 6,0 хувьд барих, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 16.0 хувьд хүргэх, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, барилгын материалын импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, орчны бохирдлоос хамгаалж, доройтлыг бууруулж, ногоон хөгжлийг бий болгох, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, “Сум” төслийг хэрэгжүүлж эхлэх, “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж цалин хөлсний бодлогыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар өсөлтийг бататгах боломжийг бүрдүүлэж байна.
Ээлжит чуулганы хугацаанд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталснаар зөвшөөрөл олгохтой холбогдсон заалтыг тодорхой болгож, Улсын Их Хурлаар зөвхөн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү байхтай холбогдох хэлцлийг шийдвэрлэж байхаар өөрчилсөн нь стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтад тавигдаж буй зөвшөөрөл авах үйл ажиллагаа тодорхой болж, илүү түргэн шуурхай шийдэгдэх боломж бүрдүүлэхэд чиглэгдсэн болно.
Ээлжит чуулганы хугацаанд Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхлүүлж, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Байнгын хорооны болон Улсын Их Хурлын даргын шийдвэрээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тус хорооноос зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажлын дийлэнх хувь нь намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн батлуулах хууль, бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх бэлтгэл ажлыг хангахад төвлөрч байгаа болно.
ХОЁР.ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР
2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр Дорнод аймгийн газрын тосны орд газрууд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төсөл, арга хэмжээний явц байдал болон холбогдох бусад хуулийн хэрэгжилттэй танилцаж, танилцсан дүнгийн талаар Байнгын хорооны хуралдаанаар сонсож, танилцуулгад туссан санал, хүсэлтийг үйл ажиллагааныхаа бодлого чиглэлд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох яам, газруудад чиглэл болголоо.
Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас байгуулагдаж түүнд ажлаа тайлагнадаг Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын 2012 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, үйл ажиллагааг нь цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүллээ. Түүнчлэн тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Уул уурхайн сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдлын талаарх мэдээллүүдийг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар тодорхой удирдамж, чиглэлийг нийтдээ 8 яам, байгууллагад 4 удаагийн хуралдааны тэмдэглэл хэлбэрээр өгөв.
“Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийн үйл ажиллагааны талаарх Уул, уурхайн сайдын мэдээлэлийг хаалттай хуралдаанаар сонсож, Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 11 дүгээр 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн талаарх Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэлүүдийг албан бичгээр авч дотоод болон бусад сүлжээнд байршууллаа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт болон Монголбанкнаас зарим яамдтай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох ажлыг зохион байгуулав. Байнгын хорооны хуралдаанаар тодорхой сэдвүүдээр шуурхай мэдээлэл сонсох ажлыг 10 гаруй удаа тусгай хуваарийн дагуу зохион байгуулж байсан нь гишүүдийг цаг үеийн мэдээллээр хангах замаар Засгийн газрын үйл ажиллагаанд шуурхай хяналт тавихад чухал түлхэц болж байлаа.
Хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хорооноос зохион байгуулах хяналтын ажлыг Улсын Их Хурал, байнгын хорооноос гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг холбогдох яам, газар, орон нутагт шалган танилцах талаар төлөвлөж байна.
ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛСАН БУСАД АЖЛЫН ТАЛААР
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг иргэдэд тайлбарлан сурталчлахад зориулан арга зүйн хялбаршуулсан гарын авлага боловсруулж, хэвлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэхүү гарын авлага хэвлэгдэн гарснаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөхөд хэрэглэгддэг гол гол үзүүлэлт, тэдгээрийн тодорхойлолтууд, тооцооны зарим аргачлал, 2014 онд улс орноо хөгжүүлэх талаар тавьж байгаа зорилтууд, хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний талаар товч ойлголт авах боломж бүрдэж байгаа болно.
Монгол Улсын Их Хурлын даргын 73 тоот захирамжаар Монгол улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Тус ажлын хэсэг одоогоор 14 удаа хуралдаж, уг хуралдаанд нийтдээ 42 цагийг зарцуулаад байна.
Үнэт цаасны зах зээл /Шинэчилсэн найруулга/-ийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудын төслийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан хоёр өдрийн санал солилцох уулзалт-ярилцлагыг “Корпорайт” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулав.
Үнэт цаасны зах зээл /Шинэчилсэн найруулга/-ийн тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан уг хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт оролцов.
Тайлант хугацаанд Улсын Их Хурлын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Занарын тосны технологийн тухай Занарын холбооны мэдээллийг сонсох ажлыг зохион байгууллаа.
ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ДОТООД АЖЛЫН ТАЛААР
Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 196 албан бичиг, 71 өргөдөл, гомдол /нийтдээ 355 хуудас/ ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлсэн болно.
Мөн хугацаанд байнгын хорооноос 10 тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, газар, байгууллагад нийт 87 хуудас бүхий 44 албан бичиг, 4 удаа хуралдааны тэмдэглэл /протокол/ хүргүүлсэн байна.
Тайлант хугацаанд тус Байнгын хорооноос хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл болон бусад материалыг 137 удаа /нийтдээ 38388 хуудас/ олшруулж тараав.
Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 6 нэгж, хуралдааны протокол 2 нэгж, албан бичиг 2 нэгж, нийт 10 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгөөд байна.
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА