Цэс

Холбоо барих

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

 Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Х.Баттулга, Г.Батхүү, Н.Батцэрэг, Ц.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, Ц.Оюунбаатар, Я.Содбаатар нар  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн байна.

 Хууль санаачлагчид төслийн үзэл баримтлалдаа Монгол бөхийн цаашдын хөгжилд нэмэр болох үүднээс олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох хуулийн зохицуулалт шаардлагатай гэсэн үндэслэлийг тусгаж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

 Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар саналаа хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл уг хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаагаа илэрхийлсэн болно. Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд “баяр наадмын өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хэр оновчтой эсэх, түүнчлэн шууд даян аварга цол олгохыг дэмжихгүй байгаа” гэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Улсын их баяр наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгохтой санал нэгдэхгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан улсын баяр наадамд түрүүлээгүй бөхөд улсын аварга цол олгох нь оновчгүй бөгөөд уг заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх саналыг гаргасан бөгөөд энэ саналыг төсөл санаачлагчид хүлээн авах боломжтой гэж хариулсан болно.

                        Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

             Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

             Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

             Анхаарал тавьсанд баярлалаа.

 ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН  БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА   А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл