Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ, МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ
НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН 2012 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАНГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар  хот

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хийж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.

Тус байнгын хороо 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар уг төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дараах санал, дүгнэлтийг гаргалаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын багцад 2012 онд 92,021.8 сая төгрөгийн зардал төлөвлөгдсөнөөс 80,916.3 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж 87.7 хувийн биелэлттэй байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын багцад 167,564.1 сая төгрөгийн зардал төлөвлөгдсөнөөс 133,183.4 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж 79.5 хувийн биелэлттэй байна.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар худалдан авах ажиллагааны асуудлаас болж дэд бүтцийн гол ажлууд явагдахгүй байна, чанаргүй барилга барьсан, зөрчил, дутагдал гаргасан компаниуд барилгын тендерийг дахин давтан авч байгаа нь маргаан дагуулж байна, худалдан авах ажиллагаанд тавьж байгаа шаардлагууд амьдралд нийцэхгүй байгааг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж зураг төсөвгүй, газрын зөвшөөрөл аваагүй, тендер зарлагдаагүйгээс он дамжин хөрөнгө оруулалт нь тасарсан зарим төсөл арга хэмжээ 2013 онд давтагдах талтай байгаа тул зураг төсвийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах зэрэг саналуудыг гаргасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг Засгийн газар үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэн болно.

Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж байна.


БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС,
ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                     Г.БАЯРСАЙХАН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл