Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 04-р сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны №05 тоот тогтоолоор байгуулагдсан Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13.45 цагт “Г” танхимд хуралдав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Ц.Цолмон, Л.Энх-Амгалан, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаа, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн мэргэжилтэн Л.Мөнхдэмбэрэл, Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд, Санхүүгийн зохицуулах хорооны Ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлан, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн захирал Я.Өлзийболд, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн хуулийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ, Байнгын хорооны зөвлөх Я.Хишигт, референт З.Оюунсүрэн нар оролцлоо.
Хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын дэд хэсгээс оруулах саналыг хэлэлцэж, гишүүдээр шийдвэрлүүлэх зарчмын шинжтэй зургаан асуудлаас 4 асуудлыг шийдвэрлэж 2 асуудлыг нээлттэй үлдээж дахин ярилцахаар тогтов. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон хуулийн нэр томьёоны хувьд гадаадын нэр томьёог хэрэглэхээсээ илүү монгол хэл дээр буулгах, давхар даатгал гэж юуг хэлээд байгаа талаар хуулийн нэр томьёонд оруулах, давхар даатгалын компанийн тодорхойлолтыг оновчтой болгох зэрэг саналуудыг тус тус хэллээ. Ажлын хэсгийн ахлагч Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн төсөлтэй холбоотой саналуудаа багцалж, эцсийн байдлаар дараагийн хуралдаанд оруулж ирэх үүргийг өглөө.
Хуралдаан 15.15 цагт өндөрлөв.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА